Хадгалсан

Эхлэл

Номын сан

Хэрэглэгч

Меню

Дэлхийн Монголчууд намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай


МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН

ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

 

2018 оны 3 сарын 05-ны өдөр                     Дугаар 05                                     Улаанбаатар хот

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй хийж, улс төрийн намыг улсын бүртгэлд бүртгүүлэх талаар Улсын Дээд шүүхэд гаргасан хүсэлтийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Дэлхийн Монголчууд намын дарга Г.Тэмүүжин оролцож, хуралдааны тэмдэглэлийг Э.Боролдой хөтлөв.

Дэлхийн Монголчууд намын дарга Г.Тэмүүжингийн Улсын дээд шүүхэд ирүүлсэн хүсэлтэд: Монгол улсын иргэд бид 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр намыг үүсгэн байгуулах анхдугаар их хурлаа хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулж, тус намыг Дэлхийн Монголчууд нам нэртэйгээр үүсгэн байгуулсан. Тус нам нь Монгол улсын тусгаар тогтнол, эрх чөлөө шударга ёс, эв нэгдэл үндэсний язгуур эрх ашгийг эрхэмлэн дээдэлсэн, оюун ухаан, цэц мэргэн энэрэл хайрыг үнэт зүйлээ болгосон хүн төвтэй Centrism үзэл баримтлал бүхий нийгмийн эрх ашгийн төлөө эвлэлдэн нэгдсэн улсын төрийн нам юм. Иймд Дэлхийн Монголчууд намыг улсын бүртгэлд бүртгэж өгнө үү гэжээ. 

Хүсэлтэд намыг үүсгэн байгуулах шийдвэр, намын оноосон нэрийг баталгаажуулсан баримт, намын дүрэм, мөрийн хөтөлбөр, намын бэлгэдэл, далбааны загвар, нам үүсгэн байгуулах хурлын тэмдэглэл, хурлыг зохион байгуулах бэлтгэх ажлыг нотолсон баримтууд, фото зургууд, намыг үүсгэн байгуулах их хуралд оролцсон төлөөлөгчдийн мэдээлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, намын гүйцэтгэх байгууллага байнга оршин суух хаяг, түрээсийн гэрээ, намын гишүүдийн талаархи мэдээллийг хавсарган ирүүлсэн байна.

Хүсэлт болон хавсаргасан баримт, хуралдаан дээр гаргасан тайлбарыг судлан хэлэлцээд

ХЯНАВАЛ:

Дэлхийн Монголчууд намыг үүсгэн байгуулах Их хурлыг 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгуулж, хийснээс хойш 7 хоногийн дотор нам бүртгүүлэх хүсэлтийг Улсын Дээд шүүхэд гаргасан нь Улс төрийн намын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Дэлхийн Монголчууд намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтэд хавсарган ирүүлсэн баримтуудад Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, Улс төрийн намын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт заасан шаардлагатай мэдээллүүд бүрэн тусгагдсан байна.

Нам үүсгэн байгуулах Их хурлыг 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр явуулах талаар шийдвэр гаргаж, гишүүдэд хурлын товыг хүргэсэн, нам үүсгэн байгуулах Их хуралд нийслэл, дүүрэг, орон нутгаас нийт 120 хүн оролцохоор мандат авснаас 92 хүн биечлэн ирж, хуралдаа оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналаар намын даргыг сонгож, намын дүрэм, мөрийн хөтөлбөр болон бусад асуудлуудыг баталсан байна.

Дэлхийн Монголчууд намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд харшилсан агуулгагүй, намын үйл ажиллагааны зарчим, зорилго, үзэл баримтлал нь Улс төрийн намын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийг зөрчөөгүй байна.

Дэлхийн Монголчууд нам гэсэн бүтэн нэрээр, “ДМН” гэсэн товчилсон нэрээр улс төрийн намыг улсын бүртгэлд бүртгэхэд “нам оноосон нэртэй байх”, “намын бүтэн болон товчилсон нэр нь байгууллага, аж ахуйн нэгж болон бусад намын нэртэй адил байхгүй байх” талаар Улс төрийн намын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан шаардлага зөрчигдөөгүй гэж үзэв. 

Дэлхийн Монголчууд намын гишүүдийн бүртгэлээс үзэхэд гишүүдийн тоо Улс төрийн намын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.7-д заасан хязгаараас дээш байгаа бөгөөд мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т заасан зөрчил тогтоогдоогүй болно.

Улс төрийн намын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан Улс төрийн намыг бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй тул Дэлхийн Монголчууд намыг улсын бүртгэлд бүртгэх хууль зүйн үндэслэлтэй гэж Улсын Дээд шүүх дүгнэв.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, Улс төрийн намын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, 9.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дэлхийн Монголчууд намыг улсын бүртгэлд бүртгэж, улсын бүртгэлийн гэрчилгээ олгосугай.

2.Улсын бүртгэлд бүртгүүлснээр Дэлхийн Монголчууд нам үйл ажиллагаагаа Монгол Улсын нутаг дэвсгэрт явуулах эрхтэй болохыг дурдсугай.

3.Дэлхийн Монголчууд намыг улсын бүртгэлд бүртгүүлсэн болохыг нийтэд мэдээлсүгэй.

4.Монгол Улсын Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль болон бусад хуулийг дээдлэн сахиж ажиллахыг Дэлхийн Монголчууд намд даалгасугай.

5.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр төлсөн 150.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.АМАРСАЙХАН

            ШҮҮГЧ                                       П.ЗОЛЗАЯА

                                                                     Г.АЛТАНЧИМЭГ