Хадгалсан

Эхлэл

Номын сан

Хэрэглэгч

Меню



Танд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг хүргэж байна. Тус ажиллагааг хуульд заасан журмын дагуу дараах байдлаар хэрэгжүүлдэг:

1. Хэрэг бүртгэлт (Цагдаагийн байгууллага)

Гэмт хэрийн талаарх гомдол, мэдээллийг иргэн амаар, эсхүл бичгээр гаргаж болно.

Мөрдөгч гэмт хэргийг илрүүлэх, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоох зорилгоор гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авснаас эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах хүртэл явуулж байгаа энэ хуульд заасан ажиллагааг хэрэг бүртгэлт гэнэ.

Мөрдөгч гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш 5 хоногийн дотор мөрдөн шалгах ажиллагаа явуулж болно. Шаардлагатай тохиолдолд мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны дарга дээрх хугацааг нэг удаа 14 хүртэл хоногоор сунгаж болно.

Мөрдөгч хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн бол прокурорт даруй мэдэгдэн, прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, тогтоолыг 72 цагийн дотор прокурорт танилцуулна.

Хэрэг бүртгэлтийн үндсэн хугацаа нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээснээс хойш 1 сар байна. Хэрэг бүртгэлтийн нийт хугацаа нь Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаагаар хязгаарлагдана. Хэрэг бүртгэлтийн хугацааг прокурор тухай бүр 3 сар хүртэл хугацаагаар сунгаж болно. Мөрдөгч 5 хоногийн дотор явуулах мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хугацааг хэрэг бүртгэлтийн хугацаанд оруулж тооцно.

Мөрдөгч хэрэг бүртгэлтийг дуусгаж хэрэг бүртгэлтийн хэргийг хаах эсхүл эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналын аль нэгийг гаргаж хэргийн хамт ажлын 3 өдрийн дотор прокурорт хүргүүлнэ.

2. Прокурор (Прокурорын газар)

Прокурор эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор нэмэлт хэрэг бүртгэлт явуулахаар хэргийг буцаах эсхүл эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдэх эсхүл хэрэг бүртгэлтийн хэргийг хаах гурван шийдвэрийн аль нэгийг гаргана.

2.1. Мөрдөн байцаалт

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдсэний дараа мөрдөн байцаалтын хэрэг нээнэ.

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдсэнээс хэргийг шүүхэд шилжүүлэх хүртэл хэргийн талаар нотлогдвол зохих байдлыг тогтоох зорилгоор явуулж байгаа энэ хуульд заасан ажиллагааг мөрдөн байцаалт гэнэ.

Прокурор эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдсэний дараа сэжигтнийг мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлж, уг тогтоолыг танилцуулахыг мөрдөгчид даалгана. Мөрдөгч эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг прокуророос хүлээн авсан даруй дуудан ирүүлсэн сэжигтэнд танилцуулна.Мөрдөгч сэжигтний хувийн байдлыг тогтоох, яллагдагчаар мэдүүлэг авах ажиллагааг 12 цагийн дотор явуулна.

Гэмт хэрэг үйлдсэнээс хойш Эрүүгийн хуульд заасан тухайн хэргийг хөөн хэлэлцэх хугацааг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хугацаа өнгөрсөн бол мөрдөн байцаалтын хугацааг сунгаж болохгүй. Хуульд заасны дагуу мөрдөн байцаалтыг түдгэлзүүлсэн, эсхүл хэргийг прокурорт шилжүүлсэн бол мөрдөн байцаалтын хугацааг зогсооно. Түдгэлзүүлсэн хэргийг сэргээсэн, эсхүл хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокуророос мөрдөгчид хэргийг буцааснаас эхлэн мөрдөн байцаалтын хугацааг үргэлжлүүлэн тоолно.

Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийн мөрдөн байцаалтыг 14 хоног, хүнд гэмт хэргийн мөрдөн байцаалтыг 1 сарын дотор явуулж дуусган хавтаст хэргийн материалыг оролцогчид танилцуулна.

Тухайн хэргийн ээдрээ төвөгтэй байдал, эсхүл ажиллагаа ихтэй, олон яллагдагчтай, эсхүл олон үйлдэлтэй зэрэг нөхцөл байдлыг харгалзан шаардлагатай тохиолдолд мөрдөн байцаалт явуулах хугацааг дараах байдлаар сунгаж болно:

·         сум буюу сум дундын прокурорын газрын хяналтад байгаа хэрэгт сум буюу сум дундын ерөнхий прокурор 5 сар хүртэл, аймгийн ерөнхий прокурор 7 сар хүртэл;

·         аймгийн прокурорын, дагнасан прокурорын газрын хяналтад байгаа хэрэгт аймгийн, дагнасан прокурорын газрын ерөнхий прокурор 16 сар хүртэл;

·         дүүргийн прокурорын газрын хяналтад байгаа хэрэгт дүүргийн ерөнхий прокурор 5 сар хүртэл, нийслэлийн ерөнхий прокурор 7 сар хүртэл;

·         нийслэлийн прокурорын газрын хяналтад байгаа хэрэгт нийслэлийн ерөнхий прокурор 16 сар хүртэл.

·         Мөрдөн байцаалтын хугацааг цаашид сунгах асуудлыг Улсын ерөнхий прокурор шийдвэрлэнэ.

Мөрдөгч мөрдөн шалгах бүх ажиллагааг хийж дууссан, хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоосон гэж үзвэл яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид хавтаст хэргийн материалтай танилцахыг мэдэгдэнэ.

Мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулж дууссаны дараа холбогдох саналыг хавтаст хэргийн хамт 3 хоногийн дотор прокурорт шилжүүлнэ.

Мөрдөн байцаалт явуулж дууссан хэргийн материалыг прокурор 14 хоногийн дотор хянах ба зайлшгүй тохиолдолд зохих дээд шатны прокурор энэ хугацааг тухай бүр 14 хүртэл хоногоор нэмж сунгаж болно.

Прокурор хэргийг хянаж үзээд, хэргийг шүүхэд шилжүүлэх үндэслэлтэй гэж үзвэл яллах дүгнэлт үйлдэн харьяалах шүүхэд хүргүүлнэ.

Иргэдээс гаргасан гомдол, мэдээллийг мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллага (тагнуулын байгууллага, цагдаагийн байгууллага, Авлигатай тэмцэх газар) харьяаллын дагуу хүлээн авч мөрдөн шалгах ажиллагаа явуулах бөгөөд прокурор хяналт тавин яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлнэ. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг анхан, давах, хяналтын шатны шүүх тус бүр хуульд заасан үндэслэл, эрх хэмжээний хүрээнд хянаж шийдвэрлэх бөгөөд хяналтын шатны шүүхийн шийдвэр тухайн хэргийн эцсийн шийдвэр байна.

3. Шүүх

3.1 Анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг

 Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг шүүгч хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор тухайн хэргийн талаар яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, хэргийг прокурорт буцаах, хэргийг түдгэлзүүлэх, хэргийг харьяалах шүүхэд шилжүүлэх шийдвэрийн аль нэгийг гаргана. Хэрэв дээрх хугацаанд яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх боломжгүй бол тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж болно.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг прокурор, өмгөөлөгчийн саналыг харгалзан шүүх тогтоож, урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаас 3-аас доошгүй хоногийн өмнө оролцогчид мэдэгдэнэ. Эл хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй.

Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх ба шүүх хуралдааны товыг 3-аас доошгүй хоногийн өмнө талуудад мэдэгдэнэ.

3.2. Анхан шатны шүүх хуралдаан

Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоосны дараа гэм буруутай бол Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх, гэм буруугүй бол цагаатгах асуудлыг хянан шийдвэрлэнэ.

 Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг 5 өдрөөс хэтрэхгүйгээр завсарлуулж болно.

Шүүх дараах үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж болно:

·         шүүх хуралдаанд оролцвол зохих тал, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, гэрч, шинжээч ирээгүй;

·         шүүх хуралдаанд нэмэлт шинжилгээ хийлгэх, туршилт хийх, газар, орон байранд үзлэг хийхийг талууд харилцан зөвшөөрсөн;

·         улсын яллагч, өмгөөлөгч солигдож, эсхүл нэмэгдэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох болсон;

·         шүүх хуралдааныг хойшлуулах хүндэтгэн үзэх бусад шалтгаан бий болсон.

Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн талаар гаргасан гомдол, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан тухай гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна.

Анхан шатны журмаар эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх ерөнхий хугацаа 29 хоног байх бөгөөд дээрх хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж болно.

3.3. Давж заалдах шатны шүүх

Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргана.

Шүүх давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүй ба бусад ял шийтгүүлсэн, цагаатгагдсан этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн эсэхийг харгалзахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзнэ.

Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээс хавтаст хэргийн материал хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хэргийг хянан шийдвэрлэнэ. Ерөнхий шүүгч хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан дээрх хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж болно.

3.4. Хяналтын шатны шүүх

Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болно.

Хяналтын шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хүлээн авснаас хойш 21 хоногийн дотор танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэж дөрөв, түүнээс дээш шүүгч хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх талаар санал гаргавал энэ тухай тогтоол гаргана.

Шүүх хэргийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар хянан шийдвэрлэх ба хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан энэ хугацааг Танхимын зөвлөгөөнөөс шүүгчийн саналыг харгалзан нэг удаа сунгаж болно.

Хяналтын шатны шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсэх, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн эсэхийг хянана.

Хяналтын шатны шүүх хуралдаан даргалагч гомдол, эсэргүүцлийг хангасан эсэхийг сонсгоно. Шийдвэрийг шүүх хуралдаан дууссан өдрөөс хойш 30 хоногийн дотор гаргах ба хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно.

Хяналтын шатны шүүхийн тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй.