Хадгалсан

Эхлэл

Номын сан

Хэрэглэгч

Меню

НЭХЭМЖЛЭЛИЙГ ХҮЛЭЭН АВАХААС ТАТГАЛЗСАН ШҮҮХИЙН ПРАКТИК ЖИШЭЭНҮҮД

Эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх нь зөрчигдсөн гэж үзэж буй иргэн, хуулийн этгээд эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргаж шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэх боломжтой байдаг. Шүүхэд хандан гаргасан нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг (ИХШХШтХ §65.1)[1] хангаагүй бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үр дагавар үүсдэг.

Уг мэдээнд Нийслэлийн 6 дүүргийн (Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан) Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2020 онд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шийдвэрүүдийг хуульд заасан үндэслэлийн хамт жишээ болгон бэлтгэв.

2020 онд шүүхүүдэд нийт 40752 нэхэмжлэл ирснээс 79.30% буюу 32296 нэхэмжлэлийг хүлээн авч, 20.70% буюу 8456 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна (бүдүүвч 1).  

Бүдүүвч 1. Нийслэлийн 6 дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн нийт нэхэмжлэл, үүнээс хүлээн авахаас татгалзсан нэхэмжлэлийн хувь хэмжээ


Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хуульд заасан үндэслэл ба шүүхийн практик жишээнүүд

Хуульд заасан үндэслэл

Жишээ

Хэргийн харьяалал зөрчсөн (65.1.1)

·         Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлд “...төрсөн хүү /охин/ нь 18 насанд хүрсэн, мөн зохигчдын хооронд эд хөрөнгийн маргаангүй” гэж дурдсан нь Гэр бүлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан гэрлэлтийг захиргааны журмаар цуцлах үндэслэлд хамаарч байгаа гэж үзэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна.

Шүүхийн харьяалал зөрчсөн (65.1.2)

·         Нэхэмжлэлд дурдсан хариуцагчийн оршин суух хаяг нь өөр дүүрэг, мөн бусдын эзэмшлээс чөлөөлүүлэхээр гаргасан нэхэмжлэлийн зуслангийн зориулалттай газар нь өөр дүүрэгт харьяалагдаж байгаа зэргийг үндэслэн шүүхийн харьяалал зөрчсөн гэж үзэж, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна.

Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн (65.1.3)

·         Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно” гэж, 44.4-т “Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно” гэж заасан байх бөгөөд дээрх үндэслэлтэй холбоотой шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаатай холбоотой гомдлыг дээд шатны албан тушаалтан болон ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гаргасан талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй,

·         Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 7.1, 7.2-т “...хэрэв харилцан тохиролцож шийдвэрлэх боломжгүй бол Эрчим хүчний зохицуулах хороо, хэрэглэгчийн эрхийг хамгаалах болон мэргэжлийн хяналтын төрийн захиргааны байгууллагад маргаантай асуудлаа тавьж шийдвэрлүүлнэ” гэж заасны дагуу зохих байгууллагад хандан шийдвэрлүүлсэн эсэх нь тодорхойгүй,

·         Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Согтуурах, мансуурах донтой нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсоны дараа тухайн хүн өөрөө сайн дурын үндсэн дээр энэ төрлийн эмчилгээнд хамрагдах хүсэлтээ цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан тохиолдолд хувийн байдлыг нь харгалзан албадан эмчилгээнд явуулахгүй байж болно” гэж, 6.3-т “Энэ хуулийн 6.1-д заасны дагуу хүсэлт гаргасан өдрөөс хойш нэг сарын хугацаанд эмчилгээнд хамрагдаагүй тохиолдолд энэ хуулийн 4.2-т заасны дагуу цагдаагийн байгууллага тухайн хүнийг албадан эмчилгээнд явуулах саналыг шүүхэд гаргана” гэж тус тус заасан заалтад үндэслэн А.А нь алга болж эрэн сурвалжлагдаж байснаас бусдаар согтууруулах ундааны зүйл хэрэглэж, зөрчилд холбогдож байсан нь тогтоогдоогүй байхад шүүхэд шууд нэхэмжлэл гаргасан,

·         Хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийдвэр гарсан болох нь нэхэмжлэлд хавсаргаж ирүүлсэн баримтаар тогтоогдоогүй зэргийг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой гэж үзэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.

Нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан(65.1.5)

·         Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т зааснаар бичгээр олгосон итгэмжлэлд тавигдах шаардлагыг хангаагүй,

·         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй...” гэж зааснаар нэхэмжлэлд хавсаргасан баримтууд нь нотариатаар баталгаажуулаагүй,

·         шүүхэд нэхэмжлэл гаргасан итгэмжлэгдсэн төлөөлөгчид тухайн итгэмжлэлээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрх олгогдоогүй, эсвэл бүх шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх олгогдсон боловч эрх олгосон гадаад хэл дээрх баримт бичгэн дээр орчуулгын тэмдэг дарагдаагүй,

·         хуулийн этгээдийг төлөөлж гаргасан нэхэмжлэлд тухайн итгэмжлэлээр эрх олгосон этгээдээс өөр этгээд гарын үсэг зурсан зэрэгт үндэслэн нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэн нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзсан.

Нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа(65.1.6)

·         Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн, мөн хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон, итгэмжлэгдсэн төлөөлөгч нь төлөөлөх бүрэн эрхгүй этгээд байна хэмээн үзэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан зэрэг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байхад шүүгчийн захирамж болон шийдвэрт дурдсан зөрчлийг арилгалгүй шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан гэж нэхэмжлэлийг хүлээн аваагүй байна.

 

Хариуцагчийн хаяг тодорхойгүй (65.1.9)

·         Нэхэмжлэлд дурдсан хаяг нь тус хороонд бүртгэлгүй буюу хаяг алдаатай, хариуцагч нь уг хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй, бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй гэх Засаг даргын тодорхойлолтууд болон шуудангийн ажилтны магадлагаанд үндэслэж хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзсан байна.

 

Нэхэмжлэлийн үндэслэл шаардлага ойлгомжгүй (62.1.4)

·         Гэм хорын хохирол шаардаж байгаа эсэх, гэрээнээс учирсан хохирол шаардаж байгаа эсэх нь ойлгомжгүй,

·         С нь хохирлын мөнгийг Н-д төлөх үүрэгтэй бөгөөд С-ээс К-д өгсөн гэх мөнгийг С-ийн өмнөөс шүүхэд нэхэмжлэгч Н гаргасан нь ойлгомжгүй,

·         нэхэмжлэлийн шаардлагад ...эцэг, эхийн үндсэн үүргээ охиныхоо өмнө ижил тэнцүү гүйцэтгэх баталгаа гаргуулах, цаашид охиныг өсгөн хүмүүжүүлэх, их, дээд сургуулийн төлбөр гэх мэт шаардагдан гарах зардлын талыг нөхөр Б.О-ийн төлж буй хүүхдийн тэтгэмжээс гадна шийдвэрлүүлэх... гэсэн нь ойлгомжгүй,

·         Нэхэмжлэгч нь “Д ИТрейд” ХХК-д холбогдох баримтыг хавсаргаж, “Д.далай ИТрейд” ХХК-с гэм хорын хохирол шаардаж, нэхэмжлэл гаргасан нь ойлгомжгүй,

·         Хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулснаар нэхэмжлэгчийн ямар эрх нь сэргээгдэх, уг хэлцлийг Иргэний хуулийн ямар зүйл заалтаар хүчин төгөлдөр бусад тооцуулах зэрэг нь тодорхойгүй,

·         Гэрээг хүчин төгөлдөр болон хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгосноос үүсэх үр дагавар, түүнийг хэрхэн арилгуулахаар шаардаж байгаа нь тодорхой бус,

·         Цалин хөлс шаардаж байгаа хэдий ч хэнтэй хөдөлмөрийн харилцаа үүсгэж, хэнээс цалин хөлс шаардаж байгаа нь тодорхойгүй,

·         ...хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг хүчин төгөлдөр болохыг даалгаснаар нэхэмжлэгчийн ямар эрх ашиг сэргээгдэх, түүнчлэн шүүхээр ямар эрх ашгаа хамгаалуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа нь тодорхойгүй,

·         Хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч нэхэмжлэлд хурим хийсэн талаар дурдаж, хуримын гэрэл зураг нэхэмжлэлд хавсаргасан атлаа гэрлэлт цуцлуулах шаардлага гаргаагүй нь ойлгомжгүй,

·         Нэхэмжлэгч, ажил олгогч нарын хооронд хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон тул ...банктай байгуулсан зээлийн гэрээний үүргийг биелүүлэхээс татгалзаж, зээлийн гэрээг цуцлах тухай шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл ойлгомжгүй, банк нэхэмжлэгчийн ямар эрх ашгийг хөндсөн, шүүхээр ямар эрх ашгаа хамгаалуулах гэж байгаа шаардлага нь ойлгомжгүй,

·         Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6-д “Хуулийн этгээдийн салбар төлөөлөгчийн газар хуулийн этгээдийн эрхгүй байна” гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч нь Х банкийн салбарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн,

·         Нэхэмжлэгч У нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр зээлийн гэрээг Х банктай байгуулж, уг гэрээний дагуу үүрэг гүйцэтгэгч болсон байхад зээлдэгч Ц нас барсан нь нэхэмжлэгч У зээлийн хүү төлөхгүй байх, үүргээ гүйцэтгэхгүй байх үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч уг үндэслэлээр зээлийн үүрэг гүйцэтгэхээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийг шүүхэд гаргасан нь ойлгомжгүй,

·         Нэхэмжлэгч Д ХХК нь А банк дахь бүрэн эрхт төлөөлөгч Д.Г-д холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа “...Бүрэн эрхт төлөөлөгч хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа нь А банкийг улам хүнд нөхцөл байдалд оруулж, оршин тогтнох үндсийг нь үгүй хийж, цаашид дампууруулах нөхцөл байдлыг бий болгож байна. Иймд А банкны хувьцаа эзэмшигчдийн ...-ний өдрийн хурлын шийдвэрийг хүчин төгөлдөр болохыг даалгаж өгнө үү” гэсэн байх бөгөөд тус шийдвэрийг хүчин төгөлдөр болохыг даалгаснаар Д ХХК-ийн хуулиар хамгаалагдсан ямар эрх ашиг сэргээгдэх, түүнчлэн шүүхээр ямар эрх ашгаа хамгаалуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа нь тодорхойгүй,

·         Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа ...цэцэрлэг, сургууль, их, дээд сургуулийн төлбөрийн тавин хувийг төлүүлэхээр, мөн өвчин авчирч намайг хохироосон хохирлыг барагдуулахыг шаардаж байна... гэсэн нь ойлгомжгүй байх бөгөөд ирээдүйд бий болох зардал болон ямар хохиролд, хэдэн төгрөг гаргуулахаар шаардаж байгаа нь тодорхойгүй,

·         Гэм хорын хохирол гэж нэхэмжилж байгаа боловч юунд учирсан хохирлыг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй, мөн ...тээврийн хэрэгсэл нь нэхэмжлэл гаргасан этгээд Б.Г-ынх мөн эсэх нь тодорхойгүй,

·         Нэхэмжлэгч нь хариуцагчаар Л.Ц, Х.Х, Д.Р, Д ХХК нарыг тодорхойлсон боловч хариуцагч нарын хэнээс нь хэдэн төгрөг гаргуулах шаардлага гаргаад байгаа эсэх, барьцаа болон баталгааны гэрээний үүргийг хэнээс нь шаардаад байгаа эсэх нь тодорхойгүй, ойлгомжгүй,

·         Нэхэмжлэлд хариуцагчаар Т.Н, Н ХХК нарыг тодорхойлсон боловч нэхэмжлэлийн шаардлагадаа “...Т.Н-с хохирол нийт 260.000 ам доллар буюу 705.957.200 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэсэн нь ойлгомжгүй, дээрх 2 хариуцагчийн хэнийг хариуцагчаар татаж гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж байгаа нь тодорхойгүй,

·         Барилгын стандарт бус хийгдсэн ямар зөрчлийг арилгуулахыг хариуцагчид даалгуулахаар шаардаж байгаа нь тодорхойгүй,

·         Нэхэмжлэгчийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардаж буй орон сууц нь бусад этгээдийн өмчлөлд шилжсэн байхад үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэл байгаа эсэх, цуцлагдсан гэрээний дагуу шаардаж буй орон сууцны гэрээний дагуу орон сууцны төлбөрт шилжүүлсэн 68.956.601 төгрөг, алданги 34.478.300 төгрөг, хохирол 24.082.322 төгрөг, нийт 127.517.223 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай хэрхэн уялдаж, уг үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэл болсон нь тодорхойгүй,

·         Нэхэмжлэгч нь цалин хөлсний бүрдүүлбэр буюу нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшуулал болох аль цалин хөлсийг шаардаад байгаа эсэх, мөн “урамшууллыг цаашид ямар нэгэн байдлаар хасахгүйгээр үргэлжлүүлэн олгох” гэж тодорхойлоод байгаа шаардлага нь хэдэн төгрөгийн цалин хөлс гаргуулах шаардлага гаргаад байгаа нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй, ойлгомжгүй,

·         Нэхэмжлэгч гэм хорын хохиролд 10.367.484 төгрөгийг гаргуулах, гэм хорын хохиролд 10.551.344 төгрөг гаргуулах гэж зөрүүтэй тодорхойлсон, мөн нотариатын зардал, хариуцагчийг эрэн сурвалжлуулахад гарсан зардлыг нэхэмжилж байгаа эсэх нь тодорхойгүй,

·         хариуцагчаар Х.Н-г тодорхойлсон боловч нэхэмжлэлийн шаардлагадаа “...УИХ-ын гишүүн Х.Н-д.няцаалт хийхийг даалгах” гэсэн нь ойлгомжгүй, Х.Н-г иргэний хувьд эсхүл УИХ-ын гишүүний хувьд алинаар нь хариуцагчаар татаж байгаа нь тодорхойгүй,

·         баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох, эсхүл нас тогтоолгох эсэх нь тодорхойгүй,

·         нэхэмжлэлд дурдсан асуудал нь хөдөлмөрийн ганцаарчилсан маргаанд хамаарч байх ба шүүх тушаал бүрийн үндэслэлийг хянах учиртай ба нэр бүхий нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг нэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар хүлээн авч шийдвэрлэх үндэслэлгүй,

·         нэхэмжлэлийн шаардлага нь хамтын амьдралтай байсныг тогтоолгох эсвэл бусдын асрамжид байсныг тогтоолгох аль нь болох нь тодорхойгүй,

·         Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулахаар шаардаж байгаа боловч ийнхүү хүчингүй болгуулснаас үүсэх үр дагаврыг хэрхэн арилгуулахаар шаардаж байгаа нь тодорхой бус,

·         Нэхэмжлэлд ...анх 500.000 төгрөг зээлдүүлээд, түүнээс хойш 5 удаа 500.000 аваад...” гэх тайлбараас үзвэл зээлүүлээд буцаагаад авсан мэт ойлгогдохоор тайлбарлаж байгаа боловч 2.500.000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан, мөн гэрээ байгуулсан баримтад түрээслүүлэгч тал, түрээслэгч тал гэх баримт авагдсанаас үзэхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэл шаардлага ойлгомжгүй, зээлийн гэрээний дагуу үүрэг шаардаад байгаа эсэх, түрээсийн гэрээний дагуу үүрэг шаардаад байгаа эсэх нь тодорхойгүй,

·         нэхэмжлэгч “...ХХК-г иргэний хариуцагч” гэж тодорхойлсон боловч гараар бичихдээ хариуцагч гүйцэтгэх захирал Н гэж тодорхойлсон нь ойлгомжгүй,

·         өмчлөгч өөрөө зөвшөөрч байгаа бол зохих байгууллагад хандаж, эзэмшил өмчлөлийг шилжүүлэх, холбогдох баримтаа гаргаж бүртгэлийг хийлгэх эрхтэй атал нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлд байгаа тээврийн хэрэгслийн өмчлөлийг өөр этгээдэд шилжүүлэхээр гаргасан нэхэмжлэ

·         лийн үндэслэл, шаардлага ойлгомжгүй,

·         нэхэмжлэгч нь хариуцагчтай зээлийн 3 гэрээ, барьцааны 7 гэрээ байгуулсан, шүүх зээл болон барьцааны гэрээ тус бүрийн эрх зүйн үндэслэлийг хянах учиртай бөгөөд дээрх 10 гэрээтэй холбоотой маргааныг нэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар хүлээн авч, шийдвэрлэх үндэслэлгүй,

·         2001.11.29-ний өдөр төрсөн хүү Х.Х-д олгох тэтгэлгийг эх Л.Б-д олгохоор шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй гэж байгаа ч энэ талаарх баримт нэхэмжлэлд авагдаагүй, дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан эсэх нь тодорхойгүй, нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байх бөгөөд хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу төлөгдөөгүй тэтгэлэг нэхэмжилж байгаа эсэх, эсхүл нэхэмжлэлд хавсаргасан тохиролцооны гэрээний дагуу нэхэмжлэлээ гаргасан нь ойлгомжгүй,

·         Нэхэмжлэгч нь худалдах худалдан авах гэрээний зүйл болох эд хөрөнгийг хариуцагчаас шаардсан байх ба орон сууц, зогсоолын хамт төлбөрийг бүрэн төлж худалдаж авсан гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж байгаа боловч Н.Б-т холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан шаардлага, үндэслэл ойлгомжгүй тодорхойгүй,

·         Хариуцагчаас түрээсийн төлбөр болон орон сууцыг буцаан шилжүүлэхийг шаардсан байх боловч нэхэмжлэлд хавсаргасан баримтаар талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ эсхүл түрээсийн гэрээний харилцаа аль аль нь үүсээгүй, мөн нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй,

·         Сэтгэл санааны хохирол гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлоод байгаа боловч сэтгэл санааны хохиролд юу шаардаад байгаа эсэх, шүүхээр сэтгэл санааны хохиролд юуг шийдвэрлүүлэх гэж байгаа нь тодорхойгүй,

·         Мөн нэхэмжлэлд ажил олгогч нь Х сан байхаар тайлбарласан байх боловч хариуцагчаар иргэн Э.Б-г татсан нь ойлгомжгүй, хариуцагчийг ойлгомжтой, байгууллагын нэрийг бүтнээр зөв тодорхойлох шаардлагатай,

·         Байрны дулааны төлбөр, цахилгааны төлбөр, дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалтын зардал, юнивишн үйлчилгээний төлбөр зэргийг хариуцагч П.Г-той байгуулсан орон сууц хөлслөх гэрээний төлбөрт оруулан тооцож, хариуцагчаас шаардаж байгаа нь ойлгомжгүй, дээрх төлбөрүүдийг чухам ямар үндэслэлээр шаардаж байгаа нь тодорхойгүй,

·         Гэрээ цуцлагдаж, түрээсэлсэн талбайгаа чөлөөлж өгсөн талаар нэхэмжлэлд дурдсан байх ба хүлээлгэн өгсөн бараагаа буцаан авах, эсхүл үлдэгдэл бараагаа буцаан авах, үнийг нь авах эсэх нь тодорхойгүй,

·         Талуудын байгуулсан гэрээнд 17 гэх заалт байхгүй байхад 17 заалтад холбогдуулж нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь ойлгомжгүй, гэрээний заалтуудын аль үүргийг зөрчсөн эсэх, аль үүргийг биелүүлэхийг даалгах шаадлага гаргаад байгаа эсэх нь ойлгомжгүй,

·         Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн хүүхдийг өсгөн хүмүүжүүлэхэд шаардагдах, түүнчлэн их, дээд сургуулийн сургалтын төлбөрийн тал хувь зардал гэдэгт тус тус хэдэн төгрөг гаргуулахаар шаардаж байгаа нь тодорхойгүй,

·         Нэхэмжлэгчийн автомашинд учруулсан хохирол буюу нэхэмжилсэн дүн 10.371.950 төгрөг байхад нэхэмжлэгч нийт 7.771.950 төгрөг гэж тодорхойлсон нь ойлгомжгүй,

·         Нэр төр хэрхэн гутаагдсан, уг нэр төрийг хэрхэн сэргээх талаар нэхэмжлэлд дурдаагүй, сэтгэл санааны хохирол 3 сая төгрөг гаргуулна гэсэн нь ойлгомжгүй байх ба уг шаардлага нь нэр төр гутаагдсан үйл баримттай холбоотой эсэх, эсхүл ажлаас үндэслэлгүй чөлөөлснөөс үүссэн үр дагавартай холбоотой эсэх нь тодорхойгүй,

 

 

Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нотлоогүй (62.1.4)

·         Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/-ны үйлчилгээний зардлыг хэрхэн хуваарилсан талаарх Бүх гишүүдийн хурлын шийдвэр, тэмдэглэл, Бүх гишүүдийн хурлын тогтоол зэрэг холбогдох баримтыг нэхэмжлэлд хавсарган ирүүлээгүй,

·         нэхэмжлэлд хүүхдүүдийн хэнтэй, хаана амьдарч байгаа болон сурч буй сургуулийн тодорхойлолт, эрүүл бойжиж байгаа тодорхойлолтыг хавсаргаагүй, мөн нөхөр нь удаа дараа гар хүрч байсан гэх боловч гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн эсэх талаарх холбогдох баримтыг хавсаргаагүй, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдаагүй,

·         Нэхэмжлэгч нь маргааны зүйл болсон автомашины өөрийн хөрөнгөөр авч хууль ёсны өмчлөгч болсон талаараа нэхэмжлэлдээ дурдсан байх боловч дээрх тээврийн хэрэгслийн хууль ёсны өмчлөгч болохоо нотолсон баримтыг хавсаргаагүй, хууль ёсны өмчлөгч болох нь тодорхойгүй,

·         Итгэмжлэл нь өөр дүүргийн шүүхэд төлөөлөн оролцохоор олгогдсон ба итгэмжлэл нь ИХШХШТХ-ийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангаагүй,

·         Холбогдох гэрээ, хэлцэл гэх баримтуудыг хавсаргаагүй,

·         Хариуцагч Н-д мөнгө зээлсэн гэж дурдсан байх боловч талуудын хооронд зээлийн гэрээ байгууулагдсан эсэх нь тодорхойгүй, үүнийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй,

·         Шийтгэх тогтоол буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шаардсан үндэслэлээ нотолж буй баримтыг нэхэмжлэлд хавсаргаагүй,

·         Гүйцэтгэх захирал Ж.Б нэхэмжлэлд гарын үсэг зурсан байх боловч хуулийн этгээдийн тамга дарагдаагүй, хуулийн этгээд, эсхүл иргэн нэхэмжлэл гаргасан эсэх нь ойлгомжгүй зэрэг үндэслэлүүдийг нотлох баримт дутуу болон нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзсэн байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжтай холбоотой шаардлагыг зөрчсөн (62.2)

·         Улсын тэмдэгтийн хураамж /УТХ/ төлсөн баримт нь тамга тэмдэг болон салбар тооцооны төв, кассын ажилтны гарын үсэг байхгүй,

·         Өөр дүүргийн дансанд тушаасан УТХ төлснийг УТХ төлөөгүй гэж үзсэн,

·         УТХ-аас чөлөөлүүлэх хүсэлт гаргасан боловч нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн баримтуудаар УТХ-аас чөлөөлөх үндэслэл тогтоогдоогүй,

·         УТХ төлөх хугацааг хойшлуулах хүсэлт гаргасан боловч төлбөрийн чадваргүй, тухайлсан тодорхой эд хөрөнгөгүй, ...огт орлогогүй буюу төлбөр төлөх боломжгүй талаар нотлогдоогүй, УТХ төлөх хугацааг хойшлуулах үндэслэл тогтоогдоогүй,

·         Нэхэмжлэлд УТХ хураамж төлсөн баримт огт хавсаргаагүй буюу чөлөөлүүлэх тухай хүсэлт гаргаагүй,

·         ...дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн ...ажилгүй иргэнээр бүртгэлтэй... гэх тодорхойлолт нь нэхэмжлэгч төлбөрийн чадваргүй болохыг нотлох үндэслэл болохгүй тул УТХ-аас чөлөөлөх үндэслэлгүй,

·         2019.12.11-ний өдөр УТХ-д 163.750 төгрөг төлсөн баримтыг нэхэмжлэлд хавсарган ирүүлснийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр УТХ төлсөн баримт гэж үзэх үндэслэлгүй. Учир нь УТХ төлсөн байгаа боловч тухайн цаг хугацаанд нэхэмжлэл гаргаагүй, төлсөн УТХ улсын орлогод хэвээр байгаа болох нь холбогдох баримтаар нотлогдоогүй зэрэгт үндэслэн УТХ төлөөгүй гэж үзсэн.

·         1 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэх шаардлага нь эд хөрөнгийн бус түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд хамаарахгүй,

·         Нэхэмжлэгчийн автомашинд учруулсан хохирол буюу нэхэмжилсэн дүн 10.371.950 төгрөг байхад нэхэмжлэгч нийт 7.771.950 төгрөг гэж тодорхойлсон нь ойлгомжгүй, УТХ-д төлсөн 139.301 төгрөг нь 7.771.950 төгрөгийн шаардлагад ногдох хураамж байх бөгөөд задаргаа бүхий шаардлагыг нэхэмжлэлийн шаардлага гэж тодорхойлбол нэхэмжлэгч 10.371.950 төгрөгийн шаардлагад ногдох хураамжийг төлөх шаардлагатай,

·         Орон сууцны зах зээлийн үнийн дүнгээс УТХ тооцож төлөөгүй,

·         Бие даасан хэд, хэдэн шаардлагыг нэг нэхэмжлэлд гаргасан боловч зарим шаардлагад УТХ төлөөгүй,

·         ИХШХШТХ-ийн 63 дугаар зүйлийн 63.1.2-63.1.6-д заасны дагуу УТХ төлөөгүй,

·         Ажилгүй байсан хугацааны цалин шаардаж байх боловч шүүхэд нэхэмжилж байгаа цалинг тодорхойлж ирүүлээгүйгээс нэхэмжлэлийн үнийг шүүх тодорхойлох боломжгүй байх тул улсын тэмдэгтийн хураамж бүрэн төлснийг шүүх тогтоох боломжгүй зэргийг харгалзан шүүх УТХ-ийг бүрэн төлөөгүй гэж үзэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ.

 

 

 

***

 

 

***

 



[1]65.1.Шүүгч дараахь тохиолдолд захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана:

65.1.1.энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан хэргийн харьяалал зөрчсөн;

65.1.2.энэ хуулийн 14, 15, 16, 19 дүгээр зүйлд заасан шүүхийн харьяалал зөрчсөн;

65.1.3.шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал;

65.1.4.нэхэмжлэгч нь эрх зүйн бүрэн чадамжгүй этгээд байвал;

65.1.5.нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан;

65.1.6.нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа;

65.1.7.зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаархи өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа;

65.1.8.уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа;

65.1.9.хариуцагчийн хаяг тодорхойгүй;

65.1.10.зохигч болох хүн нас барсан, хуулийн этгээд татан буугдсан тохиолдолд маргаж байгаа шаардлага буюу маргаантай үүрэг нь эрх залгамжлагчид шилжээгүй;

65.1.11.энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байвал.