Хадгалсан

Эхлэл

Номын сан

Хэрэглэгч

Меню

ЭРҮҮГИЙН ХЭРГИЙГ ХЯЛБАРШУУЛСАН ЖУРМААР ХЯНАН
 
ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ

 

Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зохицуулснаас гадна тус хуульд заасны дагуу (§17.4.9) “Хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны дэг болон шүүхийн шийдвэрийг боловсруулах аргачлал, журам”-ыг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны тогтоолоор[1] баталсан.

 

1.      Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа

 

Яллагдагч (Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу тогтоол үйдлэгдэж, яллагдагчаар татагдсан, ял хүлээж буй этгээд) гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн бол прокурор хэргийг шүүхэд шилжүүлэхээс өмнө [яллагдагч] хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг мөрдөгч, эсхүл прокурорт гаргана.

 

·         Яллагдагч хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргахдаа хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн баримтыг хавсаргана;

 

·         Яллагдагчид гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардах, албадахыг хориглоно;

 

·         Яллагдагч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлтийг хүлээн авсан мөрдөгч даруй прокурорт танилцуулж, мөрдөн байцаалт явуулна.

 

Бүдүүвч №1. Эрүүгийн хэргийг хялбаршуулсан
журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа.

 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жил-ээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй.

 

 

 

2. Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг шийдвэрлэх

 

Прокурор, мөрдөгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан яллагдагчид Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг үндэслэж ял оногдуулах, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар хэрэг хянан шийдвэрлэх үндэслэл, журмыг танилцуулна.

 

Бүдүүвч №2. Хэргээ хялбаршуулсан журмаар хянан
шийдвэрлүүлэх яллагдагчийн хүсэлт

 

 

Яллагдагч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан бол прокурор түүний хүсэлтийг хүлээн авах, эсхүл татгалзах тухай тогтоол гаргана.

 

Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзсэн бол мөрдөгч 14 хоногийн дотор хуульд заасны дагуу мөрдөн байцаалт явуулна.

 

3. Прокурорын хяналт

 

Прокурор хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн материалтай даруй танилцаж гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх, Эрүүгийн хуульд заасан нөхцөл хангагдсан эсэх, гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон эсэхийг хянана.

 

Яллагдагч нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх хүсэлт гаргасан, эсхүл хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзсан, хэргийн зүйлчлэл, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар санал зөрсөн, эсхүл хэргийг хялбаршуулах нөхцөл байдал тогтоогдоогүй бол хэргийг ердийн журмаар шийдвэрлэхээр прокурор тогтоол гаргана.

 

Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээ, эсхүл ялаас чөлөөлөх, эсхүл ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналыг яллагдагч, түүний өмгөөлөгчид танилцуулж, яллагдагч зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ.

 

4. Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журам

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад хуульд заасан ердийн журмаас гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17-р бүлэгт заасан тусгай журмыг баримтална

 

Шүүх тухайн хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл хүлээн авсан даруй, эсхүл 7 хоногийн дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаан зарлан явуулж болно.

 

Бүдүүвч №3. Хялбаршуулсан журмаар хэрэг хянан
шийдвэрлэх ажиллагааны дараалал

 

 

Шүүх эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг (гэм буруугийн шүүх хуралдааны өмнө хэргийн талаар урьдчилан хэлэлцэх шүүх хуралдаан) хийхгүй бөгөөд шүүх хуралдааныг нэг үе шаттайгаар (гэм буруугийн тухай прокурорын дүгнэлт, ялын талаар прокурорын саналыг шүүх хуралдааныг завсарлуулахгүйгээр нэг үе шаттай явуулах) явуулна.

 

Шүүгдэгч шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтийг бичгээр гаргасан бол өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэг явуулахгүйгээр, талуудын санал, зөвшөөрлийг үндэслэн прокурорын яллах дүгнэлтэд тусгагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалсанд тооцож болно.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй болсон бол түүнийг цахимаар оролцуулах, эсхүл шүүгдэгчийн хүсэлт, зөвшөөрлийг үндэслэн шүүх хуралдааныг хойшлуулах, эсхүл өөр өмгөөлөгч оролцуулах талаар шүүх зохих арга хэмжээ авна.

 

Прокурор болон шүүгдэгчээс бусад оролцогчийг шүүх хуралдаанд цахимаар оролцуулж болно.

 

5. Шүүх эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааны дараалал

 

Оролцогчийн шүүх хуралдаанд эдлэх эрх, үүрэг, шүүх хуралдааны дэгийг заасан маягтыг хуралдаан эхлэхээс өмнө шүүгчийн туслах, эсхүл шүүх хуралдааны нарийн бичгийн дарга урьдчилан танилцуулна. Шүүгч тухайн оролцогчоос эрх, үүрэгтэйгээ танилцсан эсэх, ойлгосон эсэхийг тодруулж, шаардлагатай бол тайлбарлан өгнө. Хуралдаан доорх дарааллын дагуу явагдана:

 

1.      Шүүгч шүүх хуралдааныг нээх;

 

2.      Ирц шалгах;

 

3.      Хуралдааны дэг тайлбарлах;

 

4.      Шүүгч, прокурор, оролцогч, бусад оролцогчийг зарлах;

 

5.      Хуульд заасан үндэслэлээр шүүгч, прокурор, нарийн бичгийн даргаас татгалзан гаргах эрхийг хангах;

 

6.      Оролцогчдын эрхийн хэрэгжилтийг (эрхээ хэрэгжүүлж чадсан эсэх) шалгах;

 

7.      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан  шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх; гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх; прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх; гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх; гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх зэрэг нөхцөл байдлыг хянан шалгах;

 

8.      Нотлох баримт шинжлэн судлах талаар талуудын саналыг сонсох;

 

9.      Улсын яллагч болон өмгөөлөгчөөс шүүгдэгчийн гэм буруу болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтээ шүүхээс тогтоосон хугацаа, дарааллын дагуу шүүхэд танилцуулах (шүүгч улсын яллагч, өмгөөлөгч дүгнэлт танилцуулсны дараа шүүгдэгч хүсэлт гаргавал түүнд эцсийн үг хэлэх боломж олгоно);

 

10.  Шүүгдэгч эцсийн үг хэлэх;

 

11.  Шүүх хуралдааныг завсарлуулж, шүүх шийдвэрээ гаргах (шүүх гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх талаар прокурорын гаргасан саналыг баталж, шийдвэрээ танилцуулна);

 

12.  Шүүхийн шийдвэр танилцуулах (Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд оролцогч давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичиг эрхгүй болохыг сануулна);

 

13.  Шүүх хуралдааныг хаах.

 

Прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргах ба хэрэв шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэнэ.

 

 

 

 

 

6. Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар хянавал зохих нөхцөл байдал

 

1.      Яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт, нотлох баримттай бүрэн танилцсан эсэх;

 

2.      Хууль бус арга хэрэглэж, гэм буруугаа хүлээн зөвшөөрөхийг албадсан эсэх;

 

3.      Өмгөөлүүлэх эрхтэй холбоотой хүсэлт, гомдол гаргах эсэх;

 

4.      Шинээр хүсэлт, гомдол баримт гаргах эсэх;

 

5.      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд оролцогч энэ шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг ойлгосон эсэх;

 

Шүүх хэргийг прокурорт буцаахгүйгээр, ердийн журмаар хянан хэлэлцэхээр шийдвэрлэсэн тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.8 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүх хуралдааныг даруй үргэлжлүүлэн явуулах, эсхүл талуудын саналыг харгалзан 14 хоногийн дотор шүүх хуралдааныг хийхээр товлон зарлаж болно.

 

Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй, эсхүл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл хэргийн зүйлчлэлийг өөрчлөх, эсхүл шүүгдэгчийг цагаатгаж болох үндэслэл тогтоогдвол шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар бүлэгт заасан журмын дагуу хэргийг прокурорт буцаах, эсхүл яллагдагчийг шүүхэд шилжүүлж, хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ. 

 

 

 

УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
ШҮҮХИЙН ПРАКТИК СУДЛАЛЫН ХЭЛТЭС

 

 

 

 

[1] 2023 оны 03 сарын 20 өдрийн 13 дугаар тогтоол “Хялбаршуулсан журмаар эрүүгийн хэргийг хянан

шийдвэрлэх шүүх хуралдааны дэг, журам болон шүүхийн шийдвэр боловсруулах журам, аргачлалыг батлах тухай”. Цахимаар танилцах холбоос: https://www.supremecourt.mn/media/files/20233/0_1681114595.pdf