Хадгалсан

Эхлэл

Номын сан

Хэрэглэгч

Меню


Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу баривчлагдсан, эсхүл яллагдагчаар татах тогтоолтой танилцуулахаар дуудагдсан хүнийг сэжигтэн (§31.2-1), Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцсан сэжигтнийг яллагдагч гэнэ (§7.1-1).

 

1.      СЭЖИГТНИЙГ БАРИВЧЛАХ АЖИЛЛАГАА

Хуульд заасан журмын дагуу сэжигтнийг шүүхийн зөвшөөрлөөр болон тодорхой нөхцөлд шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах ажиллагааг явуулж болно.

 

Сэжигтнийг шүүхийн зөвшөөрлөөр баривчлах ажиллагаа (§31.4-1)

Дараахь үндэслэл байгаа бол прокурор сэжигтнийг баривчлах тухай мөрдөгчийн саналыг хүлээн авснаас хойш уг саналыг шүүхэд даруй хүргүүлнэ:

1.      Прокурор эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдсэний дараа уг тогтоолыг танилцуулахаар сэжигтнийг мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр ирээгүй, эсхүл мэдэгдэх хуудсыг хүлээн авахаас татгалзсан бол;

2.      Оргон зайлсан, эсхүл мэдэгдэх хуудсаар дуудахад оргон зайлах үндэслэл байгаа бол;

3.      Мөрдөгч, прокурор, шүүгч, хохирогч, гэрч, хамтран гэмт хэрэг үйлдсэн хүнийг дарамтлах, сүрдүүлэх, амь нас, эрүүл мэндэд нь халдах үндэслэл байгаа бол;

4.      Гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай үндэслэл байгаа, түүнчлэн дахин гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл байгаа бол;

5.      Нотлох баримтаа устгах, өөрчлөх, хуурамчаар үйлдэх, эсхүл гэрч, хохирогч, хамтран гэмт хэрэг үйлдсэн хүнд хууль бусаар нөлөөлөх үндэслэл илэрсэн бол.

Шүүх нь прокурорын саналыг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор сэжигтнийг баривчлах эсэхийг шийдвэрлэнэ. Шүүхийн зөвшөөрлөөр баривчилж саатуулах хугацаа 48 цагаас хэтэрч болохгүй.




Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах ажиллагаа (§31.5-1)

Мөрдөгч дараахь тохиолдолд сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилж болно:

1.      Гэмт хэрэг үйлдэж байх үед, эсхүл үйлдсэн дор нь барьсан;

2.      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хойшлуулшгүй тохиолдолд;

3.      Гэмт хэрэг үйлдсэн гэж гэрч, хохирогч шууд заасан;

4.      Тухайн хүний хувцас, бие, орон байр, эд зүйл, тээврийн хэрэгсэлд гэмт хэргийн ул мөр илэрсэн.

Мөрдөгч сэжигтнийг баривчилсан даруй прокурорт мэдэгдэж, прокурор шийдвэрийг шүүхэд даруй хүргүүлнэ. Мөрдөгч сэжигтнийг гэмт хэрэг үйлдэж байх үед, эсхүл үйлдсэн дор нь баривчилсан бол 24 цагийн дотор шүүх шийдвэрлэнэ. Сэжигтнийг хууль бусаар баривчилсан бол прокурор даруй суллана.

 

Бүдүүвч 1.Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах.


Сэжигтнийг баривчилсны дараа хийгдэх ажиллагаа (§31.6-1)

Мөрдөгч баривчлагдсан сэжигтэнд баривчлах тухай шүүхийн шийдвэрийг танилцуулахаас өмнө, шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан бол баривчилсан даруй түүнд дараахь зүйлийг танилцуулна:

1.      Ямар гэмт хэрэгт сэжиглэж байгаа;

2.      Хууль зүйн туслалцаа авах эрхтэй болох;

3.      Түүний хийсэн үйлдэл, хэлсэн үг өөрийнх нь эсрэг шүүхэд нотлох баримт болохыг анхааруулах;

4.      Хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй бол холбогдох хуульд заасны дагуу албадлага хэрэглэхийг сануулах.

Мөрдөгч сэжигтнийг баривчилснаас хойш 6 цагийн дотор түүний хувийг байдлыг тогтоох, мэдүүлэг авах ажиллагааг явуулна. Мөрдөгч сэжигтнийг баривчилснаас хойш 6 цагийн дотор тухайн сэжигтнийг баривчилсан талаар түүний гэр бүлийн арван найман насанд хүрсэн гишүүн, эсхүл өмгөөлөгч, гадаад улсын иргэн бол тухайн улсын Дипломат төлөөлөгчийн газарт мэдэгдэнэ. Мөрдөгч нь баривчлах ажиллагааны үед холбогдох хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадлага хэрэглэж болно.

 

 

Сэжигтнийг баривчлах хугацааг тоолох (§31.9-1)

Сэжигтэнд баривчлах тухай шүүхийн шийдвэрийг танилцуулсан, эсхүл шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан тохиолдолд ямар гэмт хэрэгт сэжиглэж байгааг танилцуулсан үеэс баривчилсан хугацааг тоолох ба хугацааг тэмдэглэлд тусгана.

 

2. ЦАГДАН ХОРИХ ТАСЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ АВАХ АЖИЛЛАГАА (§14.9-1)

Шүүх дараахь үндэслэлийн аль нэг нь байвал яллагдагчийг цагдан хорих шийдвэр гаргана:

1.      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг завдсан, оргон зайлсан;

2.      Шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, сүрдүүлсэн, эсхүл тэдгээрийн болон өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа;

3.      Гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа;

4.      Урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, шүүх, прокурорын мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр ирээгүй.

Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийн яллагдагчийн хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно.

Бүдүүвч 2. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах хугацаа.

Цагдан хоригдсон таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, суллагдсан яллагдагчид урьд нь цагдан хоригдсон үндэслэлээр дахин цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахыг хориглоно.

 

3. ЯЛЛАГДАГЧИД ТАСЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ АВАХ ШҮҮХИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ (§14.13)

Прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах, өөрчлөх, хүчингүй болгох, хугацааг сунгах санал, хүсэлтийг шүүхэд гаргаж болно.

Шүүх санал, хүсэлтийг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор асуудлыг хэлэлцэх шүүхийн хэлэлцүүлгийн товыг прокурор, өмгөөлөгчид мэдэгдэж, шүүхийн хэлэлцүүлэгт прокурор, яллагдагчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг оролцуулах ба хүсэлт гаргасан тохиолдолд яллагдагчийг оролцуулна.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллагдагчийн өмгөөлөгч хүрэлцэн ирээгүй тохиолдолд томилогдсон өмгөөлөгч оролцуулж болно.

Прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гаргасан санал, хүсэлтийнхээ үндэслэлийг шүүхэд танилцуулах ба шүүхийн хэлэлцүүлгийн явцыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу тэмдэглэлд тусгаж, танилцуулна.


4. ШҮҮХИЙН ШИЙДВЭРТ ГОМДОЛ ГАРГАХ (§15.8-2)

Прокурор, оролцогч таслан сэргийлэх арга хэмжээ авах, өөрчлөх, хүчингүй болгох, хугацааг сунгах тухай шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 3 хоногийн дотор гомдол гаргаж болно.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад шүүгч дангаар гаргасан шийдвэрийн талаархи гомдлыг тухайн шатны шүүхийн Ерөнхий шүүгч, түүний эзгүйд томилсон шүүгч даруй хянан шийдвэрлэнэ. Энэхүү шийдвэр эцсийн байна.

Гомдол гаргагч гомдлыг хянан шийдвэрлэхэд оролцож, гомдлын үндэслэл, нотолгоо, шаардлагатай баримт бичгийг гаргаж танилцуулах эрхтэй.


УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
ШҮҮХИЙН ПРАКТИК СУДЛАЛЫН ХЭЛТЭС