Хадгалсан

Эхлэл

Номын сан

Хэрэглэгч

Меню

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Монгол Улсын дээд шүүх Иргэний  хэргийн танхим          001/ХТ2023/00210

Тоймын дугаар, огноо: №44/ИХТ-16/, 2024.03.29

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Нэхэмжлэгч А нь хариуцагч “Э” ХК-д холбогдуулан тус компанийн Ёс зүй, ашиг сонирхлын хорооны дүгнэлт болон гүйцэтгэх захирлын тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох  шаардлага гаргахдаа “... бэлгийн дарамт үзүүлсэн сахилгын ноцтой зөрчил гаргасныг нотлоогүй байхад ... хорооны дүгнэлтийг үндэслэн ажлаас чөлөөлсөн нь хууль бус” гэжээ.

Хариуцагч нь “...бэлгийн дарамт үзүүлсэн буюу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан нь камерын бичлэг, ...цахим захидал, гэрчүүдийн мэдүүлгээр болон ... хорооны дүгнэлтээр тогтоогдсон, ...бэлгийн дарамтыг үл тэвчих орчныг байгууллага бүрдүүлэх үүрэгтэй тул ажилтны гомдлыг ...хороогоор авч хэлэлцэж дүгнэлт гаргасан нь хууль зөрчөөгүй, гүйцэтгэх захирлын тушаал хууль зүйн үндэслэлтэй” гэж маргажээ.

Анхан шатны шүүх “...нэхэмжлэгч “А”-гийн гаргасан үйлдлүүдийг ажил үүргээ гүйцэтгэж байхдаа ажлын байранд хүч хэрэглэж бэлгийн дарамт үзүүлсэн гэж үзэх боломжгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн ба  давж заалдах шатны шүүх энэ шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисон.

Улсын дээд шүүх нэхэмжлэгч А-гийн ажилтан Д-д гаргасан удаа дараагийн үйлдлүүдийг хөдөлмөрийн дотоод журмаар хориглосон  зөрчил буюу  “ажлын байран дахь бэлгийн дарамт” мөн гэж дүгнээд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч А-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна. Түүнчлэн хариуцагч байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд ажлын байран дахь бэлгийн дарамт, хүчирхийлэл гаргахыг хориглосон зүйл, заалтыг тусгасан, улмаар уг асуудлаар гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх Хороо байгуулсныг Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн гэж дүгнэсэн.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://www.supremecourt.mn/mn/printc?id=40593

 

Тойм бичсэн: Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн

танхимын шүүгч Д.Цолмон