Хадгалсан

Эхлэл

Номын сан

Хэрэглэгч

Меню

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ


МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

     2011 оны 06 дугаар сарын 24-ны өдөр                                     Дугаар 07                                          УБ хот

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн О.Зандраа даргалж, Танхимын тэргүүн Ц.Амарсайхан, шүүгч А.Доржготов нарын бүрэлдэхүүнтэй хийж, улс төрийн намыг улсын бүртгэлд бүртгүүлэх талаар Улсын Дээд шүүхэд гаргасан хүсэлтийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч талыг төлөөлөлж Л.Цог, Н.Удвал, О.Баасанхүү, нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах Г.Солонго нар оролцов.

Улс төрийн намыг бүртгүүлэх талаар шүүхэд ирүүлсэн хүсэлтийн талаар ТОДОРХОЙЛОХ НЬ:

Улсын Дээд шүүхэд гаргасан Монгол Ардын Хувьсгалт Намын дарга Н.Энхбаяр, дэд дарга Ц.Шинэбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал нарын гарын үсэг бүхий хүсэлтэд “Монгол Улсын иргэн бид Үндсэн хуулийн 2 –р бүлэг, 16-р зүйлийн 10, Улс төрийн намын тухай хуулийн 8-р зүйлд нийцүүлэн бүтэн нэрээр “Монгол Ардын Хувьсгалт Нам”, товчилсон байдлаар “МАХН” гэсэн нэрээр улс төрийн намыг үүсгэн зохион байгуулж байгаа болно.

Улс төрийн намын тухай хуулийн 8.1.-ийн дагуу намыг зохион байгуулах Их хурлаа “Онц их хурал” гэсэн нэртэйгээр 2011 оны 01-р сарын 27, 28-ны өдрүүдэд хийсэн юм. Энэхүү Онц Их хурлаар намын бүтэн болон товчилсон нэр, бэлэгдэл, туг далбааны загвараа баталж, намын дүрэм, мөрийн хөтөлбөрийн төслийг боловсруулсныг Онц Их хурлын төлөөлөгчид өргөн хэлэлцэн баталсан.

Мөн намын дүрэмд заасны дагуу намын дарга, Хяналт, ёс зүйн хороо, Бага чуулганы бүрэлдэхүүнийг хуулийн дагуу нууц санал хураалтаар сонгож, эрх, үүргийг нь тогтоож баталгаажуулсан билээ.

Уг хуулийн этгээд нь улс төрийн үйл ажиллагаа явуулах зорилго бүхий, Монгол Улсын Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, Иргэний хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн зохих зүйл, заалтуудад нийцүүлэн, 801-ээс дээш тооны гишүүнчлэлтэйгээр сайн дураараа, итгэл үнэмшлээрээ нэгдэн зохион байгуулагдсан тул намыг бүртгэж өгнө үү” гэжээ.

Хүсэлтэд Онц Их хурлын хөтөлбөр болон тогтоолууд, тооллогын комисс, Их хурлын тэргүүлэгчид, Хяналт, ёс зүйн хорооны тогтоолууд, мандатын комиссын илтгэл, намын дүрэм, мөрийн хөтөлбөр, намын бэлэгдэл, далбааны загвар, 1128 гишүүний бүртгэл зэргийг хавсаргаж, намын гүйцэтгэх байгууллагын оршин байгаа хаяг, хөрөнгийн мэдээ бүхий нийт  1206 хуудас баримт, материал ирүүлснээс намын гишүүдийн өргөдөл буюу 1128 хуудас баримтыг шүүхээс буцааж авсан байна.

Бүртгэлийн ажиллагаа үүсгэснээс хойш 196 гишүүний бүртгэлийг нэмж ирүүлснээс гадна насанд хүрээгүй байхдаа намын гишүүнээр бүртгүүлсэн 7 хүний нэрийг бүртгэлээс хасуулахаар хүсэлт гаргажээ.

Улсын Дээд шүүх хүсэлтийг хүлээн авснаас хойших хугацаанд намын гишүүдийн бүртгэлд тусгагдсан 1128 хүний намын гишүүнчлэлийн давхардлын байдлыг  Нийслэлийн 4 дүүргийн хэмжээнд түүвэрлэн шалгаснаас гадна иргэний бичиг баримтын үнэн зөв байдлыг Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Иргэний бүртгэлийн газрын бүртгэлтэй нэг бүрчлэн тулгаж  үзсэн болно.

Бүртгэлийн ажиллагаа эхэлснээс хойш Улс төрийн намын тухай хуулийн зарим зүйл, заалт Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх талаар Үндсэн хуулийн цэцэд урьд өмнө гарч байсан өргөдөл мэдээллийн талаар лавлагаа авах, бүртгэлтэй холбоотой иргэд, хуулийн этгээдээс ирсэн гомдол, хүсэлт зэрэгт хариу өгөх ажиллагаа явагдсан байна.

Сүхбаатар дүүргийн шүүх шүүгчийн 2011 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 1697 дугаар захирамжаар Монгол Ардын намын нэхэмжлэлийн үндэслэл болсон Улс төрийн намын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6. дахь хэсгийн ““нам энэ хуульд заасны дагуу ... нэрээ өөрчилсөн тохиолдолд түүний ... нэр ...г дээрх шийдвэртэй санал нийлээгүй тус намын гишүүн болон бусад иргэн, хуулийн этгээд аливаа хэлбэрээр өмчлөх, үргэлжлүүлэн хэрэглэхийг хориглоно” гэсэн хэсэг Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10 дахь хэсгийн нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй” гэсэн заалтыг зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах саналыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2., Шүүхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3.-т заасны дагуу Улсын Дээд шүүхэд гаргаснаар Улсын Дээд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3., Шүүхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.-т зааснаар уг саналыг нийт шүүгчдийн хуралдаанаар хянан хэлэлцээд үндэслэлтэй гэж үзэж, 2011 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 03 дугаар тогтоолоор Үндсэн хуулийн цэцэд хүсэлт мэдүүлэхээр тогтжээ.

Үүнтэй холбоотойгоор Улсын Дээд шүүх Улс төрийн намын тухай хуулийн дээрх зүйл, заалт Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн эсэх маргааныг Үндсэн хуулийн цэц хянан шийдвэрлэх хүртэл МАХН-ыг улсын бүртгэлд бүртгэх эсхүл бүртгэхээс татгалзах аль нэг шийдвэрийг гаргах боломжгүй гэж үзэж, бүртгэлийн ажиллагааг Үндсэн хуулийн цэцээр асуудал шийдвэрлэгдтэл шүүгчийн 2011 оны 03 дугаар сарын 30 -ны өдрийн 01 дүгээр захирамжаар түдгэлзүүлжээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Улсын Дээд шүүхийн хүсэлтийг хэлэлцэж, 02 дугаар дүгнэлтээ 2011 оны 06 дугаар сарын 16-ны өдөр ирүүлсэн тул улс төрийн намын бүртгэлийн ажиллагааг шүүгчийн 2011 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 02 захирамжаар сэргээж, бүртгэлийн асуудлыг хэлэлцэх хуралдааныг товлон зарласан байна.

Улс төрийн намын бүртгэлтэй холбоотой шүүхийн дээрх ажиллагаа хуульд харшлаагүй, зохих журмын дагуу явагджээ.

Шүүх хуралдаанд дээр хүсэлт гаргагч талаас намын дүрэм, мөрийн хөтөлбөр, гишүүнчлэл, нэр, бэлэгдэл, далбаа болон бусад асуудлаар дэлгэрэнгүй тайлбар гаргав.

Хүсэлтэд хавсрагдсан дээрх баримт болон шүүх хуралдаанд өгсөн хүсэлт гаргагч талын тайлбарыг судлан хэлэлцээд ХЯНАВАЛ:

Хүсэлт гаргагч Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1., Улс төрийн намын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.-д заасан хугацаанд нам бүртгүүлэх тухай өргөдлөө Улсын Дээд шүүхэд гаргасан байна.

Нам бүртгүүлэх өргөдөлд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.-т заасан мэдээлэл бүрэн тусгагдсан, Улс төрийн намын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.-т заасан бүртгэлд шаардлагатай баримт бичиг бүрджээ.

Монгол Ардын Хувьсгалт намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуульд харьшилсан агуулгатай болсон гэж үзэх үндэслэлгүйгээс гадна намын үйл ажиллагааны зарчим, зорилго, үзэл баримтлал нь Улс төрийн намын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2. дахь хэсгээр тогтоосон хориглосон хэм хэмжээнд хамаарахгүй байна.

МАХН-ын гишүүдийн бүртгэлээс өөр намын гишүүнчлэлээс татгалзаагүй 72, нэр давхардсан 11, насанд хүрээгүй 7, регистрын дугаарын зөрчилтэй 18, регистрын дугаарын бүртгэлд овог зөрүүтэй 9, нэр нь байхгүй 91, нэр зөрүүтэй 9, бүгд 217 нэрийг хасахад үлдэх гишүүдийн тоо Улс төрийн намын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.7.-д заасан хязгаараас дээш байх тул мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3.-т заасан бүртгэхээс татгалзах үндэслэл болохгүй.  

“Монгол Ардын Хувьсгалт Нам” гэсэн бүтэн, “МАХН” гэсэн товчилсон нэрээр улс төрийн намыг улсын бүртгэлд бүртгэхэд “нам оноосон нэртэй байх”, “намын бүтэн болон товчилсон нэр байгууллага, аж ахуйн нэгж болон бусад намын нэртэй адил байхгүй байх” талаар Улс төрийн намын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан шаардлага зөрчигдөхгүй гэж үзлээ.

Улс төрийн намын улсын бүртгэлд Монгол Ардын Хувьсгалт Нам буюу МАХН нэртэй нам байхгүй тул энэ нэрээр улс төрийн нам байгуулах нь “хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж  болохгүй” гэсэн Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3. дахь хэсгийн шаардлагад харшлаагүй болно.

Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2011 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүсэлт гаргагчид гаргаж өгсөн хуулийн этгээдийн нэрийн нэгдсэн санд бүртгэгдсэн улс төрийн намуудын жагсаалтын лавлагаа нь Иргэний хуулийн болон Улс төрийн намын тухай хуулийн дээрх зүйл, заалтад тусгагдсан хориг бүхий хэм хэмжээнд хамаарах нөхцлийг үүсгэхгүй байна. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6., Улс төрийн намын тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар улс төрийн намыг бүртгэх ажиллагааг Улсын Дээд шүүх явуулдаг тул Улсын Дээд шүүхэд бүртгүүлээгүй намын нэр хуулийн этгээдийн нэрийн нэгдсэн санд бүртгэгдсэнээр уг нэрийг өөр бусад этгээд хэрэглэхэд саад болох учиргүй юм.

Нөгөө талаар лавлагаа гаргасан 2011 оны 01 дүгээр сарын 11-ны өдрөөс хойш өнгөрсөн 5 сарын хугацаанд уг жагсаалтад тусгагдсан нэртэй нэг ч нам Улсын Дээд шүүхэд бүртгэгдээгүй учир улсын бүртгэлд урьд бүртгэгдсэн намуудын нэрээс бусад намын нэр уг жагсаалтад байх хууль зүйн үндэслэлгүй байна.

Улс төрийн намын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.-д “Нам энэ хуульд заасны дагуу өөрчлөн байгуулагдсан болон нэрээ өөрчилсөн тохиолдолд түүний өмч, хөрөнгө, гишүүнчлэл, тамга, тэмдэг, нэр, бэлэгдэл, далбааг дээрх шийдвэртэй санал нийлээгүй тус намын гишүүн болон бусад иргэн, хуулийн этгээд аливаа хэлбэрээр өмчлөх, үргэлжлүүлэн хэрэглэхийг хориглоно” гэж заасны “нам энэ хуульд заасны дагуу өөрчлөн байгуулагдсан болон нэрээ өөрчилсөн тохиолдолд түүний ... нэр ...г дээрх шийдвэртэй санал нийлээгүй тус намын гишүүн болон бусад иргэн, хуулийн этгээд аливаа хэлбэрээр өмчлөх, үргэлжлүүлэн хэрэглэхийг хориглоно” гэсэн хэсэг Монгол Улсын Үндсэн хууль зөрчөөгүй гэж Үндсэн хуулийн цэц 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 02 дугаар дүгнэлт гаргасан тул Үндсэн хуульд нийцсэн, хүчин төгөлдөр хуулийн дээрх зүйл, заалтыг шүүх өөрийн бүрэн эрхийн хүрээнд тайлбарлан хэрэглэх үндэслэлтэй байна.

Улс төрийн намын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.-д заасан зохицуулалт нь агуулгын хувьд Үндсэн хуулийн цэцийн 2005 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1\01 дүгээр тогтоолоор хүчингүй болсон 6 дугаар зүйлийн 6.3. дахь хэсэгтэй адил гэж ойлгогдохоор байсан тул хуулийн 15 дугаар зүйлийн 15.6. дахь хэсгийг Үндсэн хуульд нийцсэн эсэх талаар дүгнэлт гаргуулахаар Улсын Дээд шүүх Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргасан ба Үндсэн хуулийн цэц хуулийн дээрх хоёр зүйл, заалтыг ижил агуулгатай гэж үзээгүй байна.

Иймд Улс төрийн намын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.-д заасан  “нам ... нэрээ өөрчилсөн тохиолдолд түүний ... нэр ...г дээрх шийдвэртэй санал нийлээгүй тус намын гишүүн болон бусад иргэн, хуулийн этгээд аливаа хэлбэрээр ... үргэлжлүүлэн хэрэглэхийг хориглоно” гэх зохицуулалт, өөр намын хэрэглэхээ больсон нэрийг шинээр байгуулагдаж буй нам дахин хэрэглэх тохиолдолд хамаарахгүй гэж үзнэ.

Улс төрийн намын тухай хуульд улс төрийн намын урьд хэрэглэж байсан нэрийг өөр нам дахин хэрэглэхийг хориглосон заалт байхгүйгээс гадна хуулийн этгээдийн нэрийн асуудлыг зохицуулсан Иргэний хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтад ийм агуулга бүхий шаардлага байхгүй байна.

Улс төрийн намын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.-д заасан Улс төрийн намыг бүртгэхээс татгалзах үндэслэл бүрдээгүй тул Монгол Ардын Хувьсгалт Намыг улс төрийн намын улсын бүртгэлд бүртгэх хууль зүйн үндэслэлтэй гэж Улсын Дээд шүүх дүгнэв.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6., 17 дугаар зүйлийн 17.1., 17.2., Улс төрийн намын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4., 9.6.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Монгол Ардын Хувьсгалт Намыг \МАХН\ улсын бүртгэлд бүртгэж, улсын бүртгэлийн гэрчилгээ олгосугай.

2. Монгол Ардын Хувьсгалт Нам улсын бүртгэлд бүртгүүлсэнээр Монгол Улсын нутаг дэвсгэр дээр улс төрийн үйл ажиллагаа явуулах эрхтэй болсныг дурдсугай.

3.Монгол Улсын Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль болон бусад хуулийг дээдлэн сахиж ажиллахыг Монгол Ардын Хувьсгалт Намд даалгасугай.

4.Монгол Ардын Хувьсгалт Намыг \МАХН\ улсын бүртгэлд бүртгүүлсэн болохыг нийтэд мэдээлсүгэй.

5.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150 000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                        О.ЗАНДРАА

                                                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                        Ц.АМАРСАЙХАН

                                                                                           ШҮҮГЧ                                        А.ДОРЖГОТОВ