Хадгалсан

Эхлэл

Номын сан

Хэрэглэгч

Меню

Меню
A A

Монгол Улсын Шүүхийн тухай хуульд заасны дагуу Улсын Дээд шүүхийг Ерөнхий шүүгч гадаад харилцаанд төлөөлөх эрхтэй байна. Улсын дээд шүүх нь хоёр болон олон талт хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлэхийг эрмэлзэн ажилладаг бөгөөд БНХАУ, ОХУ, БНСУ, АНУ зэрэг орнуудын шүүхүүдтэй хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд харилцан туршлага солилцох, мэргэжилтэн сургах чиглэлээр уламжлалт өргөн хамтын ажиллагаатай. Түүнээс гадна Монгол Улсын шүүх тогтолцоог бэхжүүлэхэд олон жилийн турш хамтран ажиллаж ирсэн Германы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (GIZ), Ханнс Зайделийн сан, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, Дэлхийн банк, Нээлттэй Нийгэм Форум, Азийн хөгжлийн банк, Азийн сан, Япон улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА), Бүгд Найрамдах Солонгос Улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА)-тай хамтран ажиллаж ирлээ. 
Олон талт гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилтын хүрээнд тус шүүх нь Олон улсын эрүүгийн шүүхтэй идэвхтэй хамтран ажиллахыг эрмэлздэг бөгөөд 2012, 2014 онуудад хоёр байгууллагын Ерөнхий шүүгчид харилцан ажлын айлчлал зохион байгуулж, Ромын дүрмийг бүс нутагт түгээн дэлгэрүүлэх чиглэлд хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв.
Бүс нутгийн олон талт хамтын ажиллагааны мөн чухал нэгэн арга хэмжээ нь Ази номхон далайн бүсийн орнуудын Ерөнхий шүүгч нарын чуулга уулзалт байдаг бөгөөд хоёр жил тутам зохион байгуулагддаг тус арга хэмжээнд тогтмол оролцож ирсэн. 
Улсын дээд шүүхийн гадаад хамтын ажиллагааны нэгэн чухал хэсэг нь эрх зүйн туслалцааг бэхжүүлэх, олон улсын гэрээ, хэлэлцээрийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлж хүний эрхийг хангах чиглэлд гадаад улсын ижил төрлийн байгууллагатай тасралтгүй хамтран ажиллах чиг үүрэг билээ. Энэ хүрээнд Улсын дээд шүүхээс иргэний болон захиргааны хэргийн анхан шатны шүүхүүдэд шүүхийн даалгавар хүргүүлэх, хилийн чанадаас ирүүлсэн шүүхийн даалгаврыг хүлээн авч харьяалах шүүхээр гүйцэтгэх ажиллагааг зохион байгуулдаг.