ДАМДИНЫ ГАНЗОРИГ

  • 1998 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн дээд сургууль төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй.
  • 1999-2004 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга;
  • 2004-2013 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгч;

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 47 дугаар зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдсон.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 77 дугаар зарлигаар Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилогдон ажиллаж байна.

 
ЭШЛЭЛ
  • “Олон улсад шүүх эрх мэдэл хүний эрх, шударга ёс, ардчиллын эцсийн хана, баталгаа болж буй…”
  • “... Парламент хуулиа баталж, Засгийн газар хэрэгжүүлж, шүүх тодорхой маргаанд хэрэглэдэг эрх мэдэл хуваарилах зарчим нь хуулийг нэг цэгээс нөгөө цэгт хүрэх дамжлага гэхээс илүүтэй шүүх засаглалын хууль хэрэглээний практикт үндэслэн парламент нь хууль тогтоомжийг сайжруулах зохист харьцааны зарчим гэж хандах нь чухал. ....”
  • Шүүхийн бие даасан байдал, хариуцлага, ил тод байдлыг гурвалсан тэнцвэрт зарчимд суурилан авч үзэж .. агуулгын шинэчлэл хийх ёстой.
  • Ерөнхий шүүгч бол “дарга” гэх ойлголт үеэ өнгөрөөсөн. Ерөнхий шүүгчийг олон улсын нэршлээр primus inter pares буюу ижил тэнцүү эрхтэй хүмүүсийн нэг нь бусдыгаа зохион байгуулж манлайлах чиг үүрэгтэйгээр тодорхойлдог. Ерөнхий шүүгч бусад шүүгчээсээ эрх мэдлээрээ илүү биш, харин хариуцлагаараа илүү байх ёстой.
  • “... Хуулийг зөв хэрэглэх албан ёсны тайлбар, түүний үндэслэл болсон шүүхийн практик нь хууль тогтоох эрх мэдлийн хувьд процессын хуулиудыг сайжруулан батлах "эх сурвалж", "үзэл баримтлал" хийгээд агуулгын хувьд "түшиц" болох онол практикийн ач холбогдолтой. ....”
  • “... Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдал бол нэг удаа бүрэн хангагдаад төгсдөг биш, нийгмийн хувьслыг дагасан шинэ сорилтуудаас тогтмол хамгаалах шаардлагатай, үргэлжилсэн ухагдахуун юм. ....”
  • “Шүүгчийн хараат бус байдал” нь аливаа хэрэг маргааныг хөндлөнгийн нөлөөнөөс ангид шударгаар шийдвэрлэх баталгаа болдог бол “шүүхийн бие даасан байдал” нь тухайн нийгэмд шударга ёсны систем зүй ёсоороо ажиллах, нийгэмд эрх зүйт ёс дээдлэгдэх, иргэд асуудал зөрчилдөөнөө шүүхээр шийдвэрлүүлэх эрмэлзэлтэй болох баталгаа юм.
  • [Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого] батлагдсанаар шүүхийн хөгжил зөвхөн салбарын асуудал биш болохыг нотолж, төрийн эрх мэдлийн гурван салаа мөчир хамтран оролцохоор эрх зүйн орчныг бүрдүүлсэн юм. Тухайлбал, УИХ 7 зорилго, 14 зорилтод хамтран оролцохоор, Засгийн газраас ХЗДХЯ 1 арга хэмжээнд үндсэн, 31 арга хэмжээг хамтран хариуцаж ажиллахаар тусгагдсан.
  • “... Хүмүүнлэг ёс, шударга байдал, тэгш эрх, үл ялгаварлалыг олж харах эцсийн цэг нь хууль хэрэглэх, сахиулах үүрэгтэй бид болох тул ... иргэд, нийгэм, олон нийтийн ... хүлээлт, шаардлагыг хангаж ажиллах ёстой. ...”

УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН БҮРЭН ЭРХ

  • тухайн шүүхийг бүрэн эрхийнхээ хүрээнд төлөөлөх;
  • Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19.1-д заасан Шүүгчдийн зөвлөгөөнийг товлон зарлах, хуралдуулах, удирдах, гарсан шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах;
  • хуульд өөрөөр заагаагүй бол шүүх хуралдаан даргалагч болон шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулах;
  • хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай хамааралгүй асуудлаар ирүүлсэн өргөдөл, гомдолд шүүхийн Тамгын газраас хариу өгч байгаа ажиллагаанд хяналт тавих;
  • шүүгчид Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 72.1.10-т зааснаас богино хугацааны чөлөө олгох эсэхийг Шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцүүлэн шийдвэрлэх, хөдөлмөрийн дотоод журамд заасан чөлөөг дангаар олгох;
  • танхимын тэргүүний ажлыг уялдуулах;
  • шүүхийн практик, тоон мэдээлэлд үндэслэн шүүн таслах ажиллагааны чанар, үр дүн, хэргийн хөдөлгөөний ерөнхий удирдлага, хяналтын талаар Шүүгчдийн зөвлөгөөнд мэдээлэл хийх;
  • Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан, Зөвлөгөөнийг товлон зарлах, бэлтгэлийг хангуулах, даргалах;
  • Улсын дээд шүүхийг гадаад харилцаанд төлөөлөх;
  • Улсын дээд шүүхийн шүүгчид гадаад, дотоод ажлын томилолт олгох;
  • танхим хоорондын ажлыг уялдуулан зохион байгуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас бусад шаардлагатай гэж үзсэн асуудлыг хэлэлцүүлэхээр танхимд хуваарилах;
  • Зөвлөгөөнд танилцуулснаар Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга, Хүрээлэнгийн захирлыг томилох, чөлөөлөх;
  • Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан, Зөвлөгөөнөөс гаргасан шийдвэрийн дагуу Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газартай Улсын дээд шүүхийг төлөөлөн харилцах;
  • хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргасан өргөдөл, гомдолд албан бичгээр хариу өгөх;
  • хуульд заасан бусад бүрэн эрх.

 

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГИЙН ИЛТГЭЛ, ҮГ