Хадгалсан

Эхлэл

Номын сан

Хэрэглэгч

Меню

Меню
A A

1921 оны үндэсний ардчилсан хувьсгалын дараа ардын эрхтэй хэмжээт цаазат засгийн газраас үндэснийхээ эв нэгдлийг дээдлэн, тухайн цаг үеийн нөхцөл байдал, нийгмийн хүчнүүдийн эрх ашгийг харгалзах байр суурийг баримталж байлаа. Тухайн үед Дотоод явдлын бүрэлдэхүүнд Шүүх таслах хэлтэс, Цэргийн яамны дэргэд Цэргийн шүүх таслах газар анхлан байгуулагджээ. 1925 онд “Шүүх таслах газруудыг зохион байгуулах тухай” тогтоол, мөн 1926 онд “Шүүх таслах газруудад аливаа хэргийг байцаан шийтгэх тухай хууль”-ийг тус тус баталж байв. Тухайн үед ЗХУ-ын сургагч багш нар шүүхийн боловсон хүчнийг бэлдэх, арга зүйн болон техникийн туслалцааг өгдөг байсан байна.


1962 онд Барууны улс орноос анх удаа АНУ-ын Дээд шүүхийн шүүгч Уильям О.Дуглас Монгол Улсад айлчилж, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Чойжамцтай хамт Монгол айлд зочлов.


1973 оны 193 дугаар тогтоолоор баталсан Шүүх яамны дүрмээр хүлээсэн үүргийн дагуу олон улсын үйлдвэрлэлийг дагнах, хоршоолохтой холбогдсон эрхийн асуудал, ЭЗХТЗ-ийн гишүүн улс хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй үед улсын хүлээх эдийн засгийн хариуцлага, лицензийн эрх, олон улсын аж ахуйн байгууллага байгуулах, арбитрын байгууллагын үйл ажиллагааг болон шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааг боловсронгуй болгох зэрэг ЭЗХТЗ-ийн гишүүн орнуудын эрхийн зөвлөгөөний шугамаар цогцолбор программыг хэрэгжүүлэхэд чиглэсэн баримт бичгийг боловсруулах олон арван удаагийн хуралд оролцож байжээ.           

Тухайн үед гадаад улсын хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж байсан хамтын ажиллагааг цухас дурдвал:                      

1974 онд БНМАУ-ын Шүүх яамны сайд Д.Пүрэв тэргүүтэй төлөөлөгчид ЗХУ-д, БНУАУ-ын Шүүх яамны сайд Михай Кором тэргүүтэй төлөөлөгчид БНМАУ-д;                      

1975 онд БНМАУ-ын Шүүх яамны сайд тэргүүтэй төлөөлөгчид БНУАУ-ын Шүүх яаманд айлчилж туршлага судлах айлчлал;                      

1975 онд БНПАУ-д болсон социалист орнуудын Шүүх яамны сайд нарын 3 дугаар Зөвлөлдөх зөвлөгөөнд БНМАУ-ын Шүүх яамны сайд тэргүүтэй төлөөлөгчид оролцсон байна;                      

1975 онд БНМАУ-ын шүүх яамны мэргэжилтнүүд БНСЧСУ-д болсон социалист орнуудад хүрээлэн байгаа орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг эрх зүйн актаар зохицуулах асуудлыг хэлэлцсэн олон улсын симпозиумд оролцож байжээ.           

БНМАУ-ын Дээд шүүхийн даргын 1975 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 5 дугаар тушаалаар Гадаадын шүүхийн тогтоол шийдвэрийг гүйцэтгэх ажлыг хотын шүүх эрхлэхийг болиулж, Улсын Дээд шүүхийн Шүүхийн байгууллагын хэлтсийн тогтоол гүйцэтгэлийн ажиллагаанд нэгтгэж, социалист орнуудтай байгуулсан эрхийн туслалцаа харилцан үзүүлэх гэрээний дагуу гадаадын шүүхээс ирүүлсэн 180 орчим даалгаврыг биелүүлэх ажлыг зохион байгуулсан байна.


1976-1980 онуудад ЭЗХТЗ-ийн гишүүн орнуудын хамтын ажиллагааг боловсронгуй болгох талаар үйлдвэрлэлийг дагнах, хоршоолох, олон улсын аж ахуйн байгууллага байгуулж, ажиллуулах, ЭЗХТЗ-ийн гишүүн орнуудын хооронд бараа нийлүүлэх, шинжлэх ухаан-техникийн талаар хамтран ажиллах гэрээ зэрэг 12 баримт бичиг боловсруулахад БНМАУ-ын шүүх яам оролцож байжээ.           

БНМАУ-ын Дээд шүүхийн Тэргүүлэгчдийн хурлын 1978 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 20/24 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтад заасны дагуу Шүүхийн гадаад харилцааны асуудлыг Шүүхийн байгууллагын хэлтсийн эрхлэх ажлын хуваарьт багтаан оруулж өгсөн нь шүүхийн гадаад харилцааны асуудлыг тусгайлан харьяалуулж өгсөн явдал байсан юм.           

1979 онд БНМАУ-ын Шүүх яамны төлөөлөгчид ЗХУ-д айлчилж яам хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай хэлэлцээр, 1980 онд БНАГУ-ын Шүүх яамдтай шууд хамтран ажиллах хэлэлцээр, 1980 онд БНМАУ-ын шүүх яамны төлөөлөгчид БНАГУ-д зочилж “БНМАУ-ын Шүүх яам, БНАГУ-ын Шүүх яамны хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх тухай хэлэлцээр”, 1982-1985 онд БНМАУ, БНАГУ-ын Шүүх яамдын хооронд хамтран ажиллах төлөвлөгөөнд тус тус гарын үсэг зуран хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлжээ.


БНМАУ-ын Дээд шүүхийн Тэргүүлэгчдийн хурлын 1982 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 7/18 дугаар Улсын Дээд шүүхийн дарга, орлогч дарга, коллегийн дарга нарын ажлын хуваарийн тухай тогтоолд Улсын Дээд шүүхийн даргын хариуцах ажлын хуваарьт Гадаад харилцааны асуудлыг тусгаж өгсөн ба гадаад хурал зөвлөгөөнд идэвхтэй оролцож байснаас дурдвал:

  • 1980 онд Прага хотноо болсон социалист орнуудын Шүүх яамдын сайд нарын 6 дугаар зөвлөгөөнд Шүүх яамны сайд тэргүүтэй төлөөлөгчид оролцож, илтгэл тавьж, дүнг коллегиор хэлэлцээд социалист орнуудын үр нөлөө бүхий практикаас зохих хуульд тусгах саналыг бэлтгэсэн;
  • 1982 онд социалист орнуудын Шүүх яамдын сайд нарын 7 дугаар зөвлөгөөнийг Улаанбаатар хотод хийлгэх санал тавьсныг зөвлөгөөнд оролцогчид хүлээн авсан тул бэлтгэл ажлыг эхэлж тус ондоо зохион байгуулсан;
  • 1984 онд БНМАУ-ын Шүүх яамны сайд тэргүүтэй төлөөлөгчид Гавана хотноо болсон Социалист орнуудын Шүүх яамдын сайд нарын 8 дугаар зөвлөгөөнд амжилттай оролцож, “Эрх зүйн бодлогын нэн чухал асуудал”, “Эдийн засгийн байгуулалтад эрх зүйн роль”, “Хууль зүйн боловсон хүчнийг бэлтгэх талаарх Шүүх яамнаас явуулж буй үйл ажиллагаа” гэсэн 3 үндсэн асуудлаар манай төлөөлөгчид өөрийн оронд хийж байгаа ажлын тухай мэдээлсэн байна.          

1993 онд Улсын Их Хурлаас 6 бүлэг, 63 зүйл бүхий “Шүүхийн тухай хууль”-ийг баталж, шүүхийн үйл ажиллагаа, зохион байгуулалтад томоохон өөрчлөлт оров. Тус хуулийн 25 дугаар зүйлд Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн бүрэн эрхэд Улсын Дээд шүүхийг тэргүүлж, түүнийг дотоод, гадаад харилцаанд төлөөлөх хэмээн зааж өгсөн байдаг. 1996 онд Улсын Их Хурлаас Шүүхийн Ерөнхий зөвлөлийн ажлын албыг орон тоо, төсөв, хөрөнгийн хамт Хууль зүйн яаманд даалгажээ. Тухайн үеийн гадаад бодлогыг бүхэлд авч үзвэл ОХУ, БНХАУ-тай найрсаг харилцаатай байж, чингэхдээ энэ хоёр оронтой харилцаж ирсэн уламжлал өвөрмөц онцлогийг харгалзах, өрнө, дорнын өндөр хөгжилтэй гүрнүүдтэй найрсаг харилцаа хөгжүүлэх, үүний хамт бусад хөгжингүй оронтой найрсаг харилцаа хөгжүүлэх зэрэг байсан билээ. Мөн Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага болон санхүү-эдийн засгийн байгууллагуудтай хамтран ажиллах явдал байлаа. Уг бодлогын хүрээнд шүүх гадаад улс орнуудтай бүхий л талаар хамтран найрсаг харилцааг хөгжүүлэхийг хичээн ирсэн билээ. 

Европ

  • Монгол Улсын Дээд шүүх, Испанийн Вант Улсын Дээд шүүхийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг 2013 оноос хэд хэдэн удаа тус улсад айлчлал хийсэн бөгөөд айлчлалын үеэр хоёр орны шүүхийн хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх, харилцан туршлага, мэдээлэл солилцох, тэр дундаа Монгол Улсын шүүхийн шүүгч нарыг Испанийн Вант Улсын шүүхэд мэргэшүүлэн сургах талаар харилцан тохиролцоонд хүрсэн билээ. Испанийн Вант Улсын Дээд шүүхтэй хамтын ажиллагааны хүрээнд Монголын шүүхийн шүүгч нарт зориулсан сургалтыг жил болгон уламжлал болгон зохион явуулж байна.
  • Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), Ханнс-Зайделийн сан, Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага зэрэг байгууллагуудтай хамтран төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна.

Ази

  • БНХАУ-ын Ардын Дээд шүүхтэй урт удаан харилцааны түүхтэй бөгөөд өндөр дээд хэмжээний айлчлалыг харилцан тогтмол хийсээр иржээ. Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоргийн урилгаар БНХАУ-ын Ардын Дээд шүүхийн Шүүн таслах хорооны онцгой гишүүн бөгөөд Ардын Дээд шүүхийн шүүгч Ду Ванхуа тэргүүтэй төлөөлөгчид 2013 оны 9 дүгээр сарын 22-24-ний өдрүүдэд манай улсад айлчилсан. Айлчлалын үеэр Монгол Улсын Дээд шүүх, БНХАУ-ын Ардын Дээд шүүх хоорондын Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав. Ийнхүү санамж бичигт гарын үсэг зурснаар 2 орны шүүхүүд үйл ажиллагааныхаа чиглэлийг тодорхойлсон бөгөөд энэ хүрээнд шүүхийн үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцох, шүүн таслах болон шүүхийн захиргааны ажлын талаар туршлага судлах, БНХАУ-д Монголын шүүгч, шүүхийн ажилтнуудыг сургалтанд үргэлжлүүлэн хамруулахаар талаар яриа хэлэлцээр хийсэн. БНХАУ-ын Дээд шүүхийн дэргэдэх “Шүүгчдийн давтан сургалтын төв”-д жил бүр Монголын 25 шүүгчийг 14 хоногийн хугацаатай сургалтад хамруулж байгаа бөгөөд 2006-2016 он хүртэл нийт 100 шүүгчдийг дээрх сургалтанд хамруулаад байна.

БНХАУ-ын Ардын дээд шүүхийн дарга, Хятадын тэрүүлэгч их шүүгч Ван Шинзун Тэргүүтэй төлөөлөгчид

Улсын Дээд шүүхэд айлчлав. 2009 он


  • Монгол Улсын Дээд шүүх БНСУ-ын Дээд шүүхийн хамтын ажиллагаа өргөжсөөр байгаа ба өндөр дээд хэмжээний айлчлалыг харилцан тогтмол хийсээр иржээ. Үүний илрэл нь БНСУ-ын Дээд Шүүхийн захиргааны Сайд Ча Хан-Сунг тэргүүтэй төлөөлөгчид 2013 оны 7 дугаар сарын 10-15-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийж, хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурснаар БНСУ-ын Дээд шүүхээс Монголын шүүхийн шүүгч нарт зориулсан сургалт хөтөлбөр тогтмолжсон юм. Тус сургалтын хүрээнд нийт 50 гаруй шүүгч, ажилтан хамрагдаад байна.  
  • Японы Олон Улсын Хамтын ажиллагааны байгууллага “ЖАЙКА” болон Монгол Улсын Дээд шүүхийн хооронд “Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа 2009 оноос хэрэгжиж эхэлсэн билээ. Энэхүү төсөл нь Эвлэрүүлэн зуучлах төвийн үйл ажиллагааг дэмжихийн зэрэгцээ Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог Монгол улсын хууль эрх зүйн тогтолцоонд тусгаж, дүрэм журам болон мөрдөх арга замыг тодорхойлохыг зорилгоо болгож 2 үе шаттай хэрэгжин, дэвшүүлсэн зорилтоо амжилттай биелүүлсэн юм.
  • Ази, Номхон далайн орнуудын бүс нутгийн хуульчдын холбооноос зохион байгуулагддаг Ерөнхий шүүгч нарын чуулга уулзалтад амжилттай оролцсоор ирлээ. Тус чуулга уулзалтаар бүс нутгийн хуульчдын өмнө тулгамдсан асуудал, шүүхийн сайн туршлагыг хуваалцах юм.

Америк

  • “Шүүх эрх мэдлийн шинэтгэлийн хөтөлбөр”-ийн шугамаар АНУ-ын зарим мужийн Дээд шүүх, Шүүхийн зөвлөл, Шүүхийн захиргааны хэлтсийн чиг үүрэг, үйл ажиллагаатай танилцан, туршлага судлах
  • Бразил Улсын Дээд шүүхийн Нийтийн эрх зүйн маргааны танхимын шүүгч Ноён Антонио Херам Бенжамин 2015 оны 7 дугаар сард Улсын Дээд шүүхэд айлчилсан бөгөөд цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага судлах талаар яриа хэлэлцээр хийгдсэн юм.

Олон Улсын байгууллагууд

  • Монгол Улсын Дээд шүүх олон талт гадаад харилцааг өргөжүүлэх хүрээнд Олон Улсын Эрүүгийн шүүхтэй хамтын ажиллагааг идэвхжүүлэн ажиллаж байна. Тус байгууллагын Ерөнхийлөгч Монгол Улсад 2012 онд айлчилж байсан бол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч 2014 онд Олон Улсын Эрүүгийн шүүхэд ажлын айлчлал хийж байсан юм. Айлчлалын үеэр хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага судлах, Олон Улсын Эрүүгийн шүүхийн шүүгчийг сонгон шалгаруулах журам, шүүгчид тавигдах шаардлага зэрэг асуудлуудыг хөндөн ярилцсан. Монгол Улсын Дээд шүүх Олон Улсын Эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн гишүүн орнуудын Ассамблейн хуралдаанд идэвхтэй оролцож байна .

Олон Улсын эрүүгийн шүүхийн Ерөнхийлөгч Сан Хуюн Сон Монгол Улсад албан ёсны айлчлал хийв. 2011 он


  • Улсын Дээд шүүх эрх зүйн болоод шүүхийн салбарыг хөгжүүлэхэд АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэг, Дэлхийн банк, Ханнс Зайделийн сан, Монголын нээлттэй нийгэм хүрээлэн /Соросын сан/, Азийн хөгжлийн банк, ЖАЙКА, КОЙКА зэрэг  байгууллагуудтай хамтран ажиллаж байна.