Хадгалсан

Эхлэл

Номын сан

Хэрэглэгч

Меню

ТУСГААР ТОГТНОЛ, ЭВ НЭГДЛИЙН НАМ /ТТЭНН/


МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН
ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр               Дугаар 07                                    Улаанбаатар хот

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй хийж, Тусгаар тогтнол, эв нэгдлийн намыг улсын бүртгэлд бүртгүүлэх талаар Улсын Дээд шүүхэд гаргасан хүсэлтийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын дарга Ц.Баянбилэг, намын гишүүн Ц.Баттөр, Ж.Баяржавхлан, Ч.Бямбасүрэн, Б.Даваажаргал, М.Мөнхдэлгэр, Л.Цэрэндорж, Ц.Урангоо, Н.Төгсбилгүүн нар оролцож, хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга И.Бямбасүрэн хөтлөв.

Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын дарга Ц.Баянбилэг Улсын Дээд шүүхэд гаргасан хүсэлтдээ: Тусгаар Тогтнол, Эв Нэгдлийн Нам нь 2014 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр үүсгэн байгуулах Анхдугаар хурлыг хуралдуулж шийдвэр гаргасан. Уг шийдвэрийг үндэслэн 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Монгол Улсын Дээд Шүүхэд Тусгаар Тогтнол Эв Нэгдлийн Намыг бүртгүүлэхээр Улс төрийн намын тухай хуульд заасны дагуу хүсэлт гаргасан боловч Монгол Улсын Дээд шүүхийн шүүх хуралдааны 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор Тусгаар Тогтнол, Эв Нэгдлийн Намыг бүртгэхээс татгалзсан. Үүнийг үндэслэж намыг үүсгэн байгуулах хоёрдугаар их хурлыг 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс гишүүдэд зарлаж хурлын бэлтгэл ажлыг хангасан. Улмаар 2015 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хурлаа хуралдуулж намын мөрийн хөтөлбөр, дүрэм, намын удирдах төв байгууллага, намын дарга, намын бэлгэ тэмдэг, туг, далбаа, намын нэр зэргийг төлөөлөгчдийг байлцуулан хэлэлцэж баталсан. Иймд Үндсэн хууль болон Улс төрийн намын тухай хуульд заасныг баримтлан намын гишүүдийн улс төрийн эвлэлдэн нэгдэх эрхийг хүндэтгэн үзэж бүртгэж өгнө үү.” гэжээ.

Хүсэлтэд намыг үүсгэн байгуулах шийдвэр, намын дүрэм, мөрийн хөтөлбөр нам үүсгэн байгуулах хурлын тэмдэглэл зэрэг баримтаас гадна намын гишүүдийн талаархи мэдээллийг хавсарган ирүүлсэн байна.   

Хүсэлт болон хүсэлтэд хавсаргасан баримт, хуралдаан дээр гаргасан тайлбарыг судлан хэлэлцээд

 

ХЯНАВАЛ:

Тусгаар тогтнол, эв нэгдлийн намыг үүсгэн байгуулах Их хурлыг 2015 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгуулж, хийснээс хойш 10 хоногийн дотор нам бүртгүүлэх хүсэлтийг Улсын Дээд шүүхэд гаргасан нь Улс төрийн намын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т нийцсэн байна.   

Улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлт гаргасан Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам өргөдөлдөө хавсарган ирүүлсэн баримтуудад Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, Улс төрийн намын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т заасан шаардлагатай мэдээллүүд бүрэн тусгагджээ.

Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Монгол Улсын Үндсэн хууль бусад хуульд харшилсан агуулгатай гэж үзэх үндэслэлгүйгээс гадна намын үйл ажиллагааны зарчим, зорилго, үзэл баримтлал нь Улс төрийн намын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-г зөрчөөгүй байна.

Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам” гэсэн бүтэн , “ТТЭНН” гэсэн товчилсон нэрээр улс төрийн намыг улсын бүртгэлд бүртгэхэд “нам оноосон нэртэй байх” “намын бүтэн болон товчилсон нэр байгууллага, аж ахуйн нэгж болон бусад намын нэртэй адил байхгүй байх” талаар Улс төрийн намын тухай хуулийн 6-р зүйлд заасан шаардлага зөрчигдөөгүй байна. 

Улс төрийн намын улсын бүртгэлд Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам буюу ТТЭНН нэртэй нам байхгүй тул энэ нэрээр улс төрийн нам байгуулах нь “хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй” талаархи Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсгийн шаардлагад харшлаагүй болно. 

Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын гишүүдийн бүртгэлээс үзэхэд гишүүдийн тоо Улс төрийн намын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.7-д заасан хязгаараас дээш байгаа бөгөөд мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т заасан үндэсэл байхгүй гэж үзлээ. 

Улс төрийн намын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т заасан Улс төрийн намыг бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй тул Тусгаар тогтнол, эв нэгдлийн намыг улсын бүртгэлд бүртгэх хууль зүйн үндэслэлтэй гэж Улсын Дээд шүүх дүгнэв.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, Улс төрийн намын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, 9.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Тусгаар тогтнол, эв нэгдлийн намыг /ТТЭНН/ улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгосугай.

2. Улсын бүртгэлд бүртгүүлснээр Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам үйл ажиллагаагаа Монгол Улсын нутаг дэвсгэрт явуулах эрхтэй болохыг дурдсугай.

3. Тусгаар тогтнол, эв нэгдлийн намыг /ТТЭНН/ улсын бүртгэлд бүртгүүлсэн болохыг нийтэд мэдээлсүгэй

4. Монгол Улсын Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль болон бусад хуулийг дээдлэн сахиж ажиллахыг Тусгаар тогтнол, эв нэгдлийн намд даалгасугай.

5. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр төлсөн 150.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Г.ЦАГААНЦООЖ

                      ШҮҮГЧ                                                    Ц.АМАРСАЙХАН

                      ШҮҮГЧ                                                    Б.УНДРАХ