МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН
ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Дугаар 03 Улаанбаатар хот
Монгол Улсын Дээд шүүхийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй хийж, улс төрийн намыг улсын бүртгэлд бүртгүүлэх талаар Улсын Дээд шүүхэд гаргасан хүсэлтийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч талыг төлөөлөлж, намын дарга М.Эрдэнэжаргал, нарийн бичгийн дарга У.Шинэхүү, нарийн бичгийн даргаар И.Хажидмаа нар оролцов.
Улс төрийн намыг бүртгүүлэх талаар шүүхэд ирүүлсэн хүсэлтийн талаар
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Улс төрийн нам бүртгүүлэх тухай Улсын Дээд шүүхэд ирүүлсэн Монголын Залуучуудын Хөдөлгөөний намын дарга М.Эрдэнэжаргалын гарын үсэг бүхий хүсэлтэд “Монголын Залуучуудын Хөдөлгөөний намыг үүсгэн байгуулах хурал 2015 оны 12 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулагдсан. Монголын Залуучуудын Хөдөлгөөний намыг хууль тогтоомжийн дагуу улсын бүртгэлд бүртгэнэ үү” гэжээ.
Хүсэлтэд намын мөрийн хөтөлбөр, дүрэм, намын үүсгэн байгуулах хурлын тэмдэглэл, тогтоол, хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтын хуудас, хураамж төлсөн төлбөрийн баримт, намын гишүүдийн гарын үсэг бүхий жагсаалт зэрэг нийт 86 хуудас материал хавсаргажээ.
Улсын Дээд шүүх Монголын Залуучуудын Хөдөлгөөний намын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гаргасан хүсэлтийг хүлээн авснаас хойших хугацаанд намын гишүүдийн бүртгэлд тусгагдсан 851 хүний хаягийн бүртгэл, регистрын дугаар зэргийг нэг бүрчлэн шалгаж, бүртгэлд тусгагдсан зарим хүмүүстэй түүвэрчлэн утсаар холбогдож, тодруулга хийсэн болно.
Улс төрийн намын бүртгэлтэй холбоотой шүүхийн дээрх ажиллагаа хуульд харшлаагүй, зохих журмын дагуу явагджээ.
Хүсэлтэд хавсрагдсан дээрх баримт болон шүүх хуралдаанд өгсөн хүсэлт гаргагч талын тайлбарыг судлан хэлэлцээд
ХЯНАВАЛ:
1.Улс төрийн намын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1., 9.4.-т заасны дагуу тухайн нам үүсгэн байгуулагдсан өдрөөсөө хойш ажлын 10 хоногт багтаан бүртгэх байгууллагаас батласан маягтын дагуу бүртгүүлэх өргөдлөө Улсын дээд шүүхэд гаргах, Улсын дээд шүүх намыг бүртгүүлэх хүсэлтийг хүлээн авснаас хойш энэ хуулийн 6, 9.2-9.3-т заасан зүйлийг нягтлан үзэж, ажлын 30 хоногийн дотор тухайн намыг улсын бүртгэлд бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэх ёстой байна.
Монголын Залуучуудын Хөдөлгөөний нам 2015 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хуралдаж, улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтээ Улсын Дээд шүүхэд хуульд заасан хугацаанд гаргажээ.
2.Улс төрийн намын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1., 8.2., 8.3.-т “намыг зохион байгуулах Их Хуралаар үүсгэн байгуулна”, “намыг үүсгэн байгуулах хурлын бэлтгэлийг урьдчилан хангах ба зохион байгуулж явуулах газар, хугацааг 2 сарын өмнө төлөөлөгчдөд мэдэгдсэн байна”, “намыг үүсгэн байгуулах хуралд орон нутгаас төлөөлөх төлөөлөгчдийг оролцуулан зохион байгуулна” гэж тус тус заажээ.
Монголын Залуучуудын Хөдөлгөөний намаас шүүхэд ирүүлсэн материалд намыг үүсгэн байгуулах хурал нь тус намын Их хурал мөн болох, хурлын бэлтгэл хэрхэн хангагдсан, зохион байгуулах газар, хугацааг ямар хугацаанд хэрхэн төлөөлөгчдөд мэдэгдсэн, хуралд орон нутгаас төлөөлөгчид оролцсон эсэх байдлыг тодорхойлох ямар нэгэн баримт ирүүлээгүй байх тул нам үүсгэн байгуулах 2015 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хурал Улс төрийн намын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1., 8.2., 8.3.-т заасан шаардлагуудыг хангасан гэж үзэх боломжгүй байна.
3.Улс төрийн намын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.-т зааснаар нам үүсгэн байгуулах хурлаар намын бүтэн болон товчилсон нэр, бэлгэдэл, далбааны загварыг батлах; намын мөрийн хөтөлбөр, дүрмийг батлах; намын удирдах болон хяналтын байгууллагыг сонгон байгуулах, түүний зохион байгуулалтын бүтэц, эрх, үүргийг тогтоох; нам үүсгэн байгуулсан тухай шийдвэрийг батлах ёстой байна.
Монголын Залуучуудын Хөдөлгөөний намаас Улсын Дээд шүүхэд ирүүлсэн материалд намын бүтэн болон товчилсон нэр, бэлгэдэл, далбааны загварыг батласан шийдвэр байхгүйгээс гадна намын удирдах болон хяналтын байгууллагыг сонгон байгуулсан, түүний зохион байгуулалтын бүтэц, эрх, үүргийг тогтоосныг нотлох хангалттай баримт үгүй байна.
Хурлын тэмдэглэлд намын дарга, хяналтын байгууллага, удирдах зөвлөлийг сонгосон талаар тусгасан боловч ийнхүү сонгосон байдал нь Улс төрийн намын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3., 13.8.-д заасан шаардлагад нийцээгүй байна.
4.Улс төрийн намын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.5.-д зааснаар нам нь Улсын дээд шүүхэд бүртгүүлэхдээ намын гүйцэтгэх байгууллага байнга оршин байгаа хууль ёсны хаягийг тодорхойлсон баримтыг бүрдүүлэх ёстой байна.
Нам бүртгүүлэх тухай хүсэлтэд хавсаргагдсан баримтад намын албан ёсны хаягийг Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 8-р хороо, Бага тойруу, Монголын Залуучуудын Холбооны төв байрны 2 давхарт 414 тоот гэж заасан боловч уг байранд тухайн нам байнга үйл ажиллагаагаа явуулдаг болохыг нотлосон ямар нэг баримт ирүүлээгүй байна.
5.Улс төрийн намын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.7.-д зааснаар нам нь Улсын Дээд шүүхэд бүртгүүлэхдээ намын 801-ээс доошгүй гишүүний бүртгэл /овог, эцгийн болон өөрийн нэр, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, гарын үсэг/ гаргаж өгөх ёстой байна.
Улсын Дээд шүүхэд ирүүлсэн материалын 51 хуудас нь Монголын Залуучуудын Хөдөлгөөний намыг үүсгэн байгуулах гишүүдийн нэгдсэн бүртгэл гэх нэртэй байх ба энд 851 хүний бүртгэлийн жагсаалт оржээ.
Уг жагсаалтад регистрын дугаарын зөрчилтэй 17 \огт байхгүй эсхүл дутуу\, 18 насанд хүрээгүй 1, оршин суугаа хаяг нь тодорхой бус 287, хороо, баг тодорхой бус 47, байр, гудамж тодорхой бус 476 байна.
Намын гишүүдийн бүртгэлээс түүвэрлэн 20 хүнтэй утсаар ярихад 4 хүн л тус намд элссэн гэж хариулсан бол 16 хүний утасны дугаар буруу, эсхүл гишүүнээр элсээгүй, өөр намын гишүүн гэж хариулжээ.
Үүнээс гадна намын гишүүдийн бүртгэлийг дугаар алгасах, давхардуулж дугаарлах зэргээр хөтлөсөн байна.
Дээрх байдал нь Улс төрийн намын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.7.-д заасан шаардлага хангагдаагүй гэж үзэх үндэслэл болох ба хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3.-т зааснаар гишүүдийн тоо нь энэ хуулийн 9.3.7-д заасан тоонд хүрээгүй бол намыг бүртгэхээс татгалзах үндэслэл болно.
6.Улс төрийн намын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3.-т зааснаар намын Их Хурлын чөлөөт цагт намын бага, бүгд хурал, тэдгээртэй адилтгах намын төлөөллийн төв байгууллагыг намын Их Хурлаар сонгож байгуулах ёстой байна. Мөн зүйлд зааснаар сонгуулийг нууц санал хураалтаар явуулдаг байна.
Монголын Залуучуудын Хөдөлгөөний нам нь намын төлөөллийн төв байгууллагыг хууль болон өөрийн намын дүрэмд зааснаар байгуулсан тухай баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдаанд тайлбарласнаар угаас байгуулаагүй байна.
8.Улс төрийн намын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6.-д зааснаар нам энэ хуульд нийцүүлэн өөрийн онцлогт тохирсон зохион байгуулалтын бүтцийг төв, орон нутгийн түвшинд байгуулан ажиллуулдаг байна.
Монголын Залуучуудын Хөдөлгөөний нам зохион байгуулалтын бүтцийг төв, орон нутгийн түвшинд хэрхэн байгуулсан болохоо тодорхойлох ямар нэг баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Улс төрийн намын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4.-т зааснаар нам үйл ажиллагааныхаа зохион байгуулалтын бүтэц, зорилт, арга хэлбэрээ чөлөөтэй сонгох эрхтэй боловч хуульд өөрөөр заасан бол хуулийн тусгайлан заасан шаардлагыг хангах үүрэгтэй болно.
Дээрх байдлыг үндэслэн Монголын Залуучуудын Хөдөлгөөний намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Улс төрийн намын тухай хуулийн холбогдох зүйл, заалтад тусгагдсан шаардлагыг хангасан эсэх байдлыг Улсын Дээд шүүх хянасны эцэст улс төрийн намыг улсын бүртгэлд бүртгэх эсэхийг шийдвэрлэх үүрэгтэй тул энэ тогтоолд дурдагдсан үндэслэлүүд нь Улс төрийн намын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5.-д заасныг зөрчөөгүй болно.
Монголын Залуучуудын Хөдөлгөөний нам нь тогтоолд заасан зөрчлийг арилгаж, Улс төрийн намын тухай хуульд заасан журмын дагуу нам үүсгэн байгуулах ажиллагааг явуулан улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтээ дахин гаргахад уг тогтоол саад болохгүй.
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дугээр зүйлийн 19.1.2., Улс төрийн намын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3., 10.1.6.,10.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Монголын Залуучуудын Хөдөлгөөний намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсугай.
2.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА
Ц.АМАРСАЙХАН