МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН
ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Дугаар 11 Улаанбаатар хот
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар “Бие Даагчдын Нэгдсэн нам”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдлийг 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: “Бие Даагчдын Нэгдсэн нам”-ыг төлөөлж намын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч, намын гишүүн Л.Очбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Төгөлдөр, намын гишүүн Г.Пүрэвбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Бямбасүрэн нар оролцов.
“Бие Даагчдын Нэгдсэн нам”-ын дарга Б.Дугарсүрэн Улсын Дээд шүүхэд гаргасан өргөдөлдөө: “Бие Даагчдын Нэгдсэн нам” өөрийн суурь итгэл үнэмшлээ товчхоноор “Хууль ёсыг хангах ба хүмүүстээ боломж олгох” (justice and opportunity) гэж тодорхойлж байгаа болно. Манай намын хэрэгжүүлэх бүхий л бодлогын цөм нь “Хүн” байх болно. Бид хүндээ эрүүл байх, боловсрол эзэмших, ажилтай байх эрхээ эдэлж, хэрэгжүүлэх бүхий л боломжуудыг олгоно. Хэдийгээр Монгол Улсын Үндсэн хуульд “...эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрх” болон “эрүүл мэндээ хамгаалуулах эрхтэй” гэж заасан. Гэтэл Үндсэн хуулиндаа тунхаглаж өгсөн эдгээр эрхээ хүн бүр тэгш эдэлж чадахгүй байгаа нь тэдгээрт энэхүү эрхээ эдлэх боломжуудыг төр засгаас хангаж өгч чадахгүй байгаад л асуудлын шалтгаан оршиж байна. “Бие Даагчдын Нэгдсэн нам” нь “ЭРҮҮЛ” цогц бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж ард иргэддээ эрүүл байх, боловсролтой болох ажилтай байх боломжуудыг олгож, ингэснээр ард иргэд маань баялаг бүтээгч, нийгмийн хөгжилд оролцогч байх боломж бүрдэж, Засгийн газар нь ард иргэдэд олгогдсон эдгээр боломжуудыг ил тод, тэгш шударга хэрэгжүүлэхэд туслан, дэмжин ажиллах учиртай. Бид энэхүү зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.10 дахь хэсэгт заасан эрхийнхээ дагуу сайн дураараа эвлэлдэн нэгдэж үүсгэн байгуулагдсан билээ. Иймд манай намыг бүртгэж өгнө үү гэжээ.
Өргөдөлд хавсаргасан баримт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг судлан хэлэлцэж
ХЯНАВАЛ:
"Бие Даагчдын Нэгдсэн нам"/БДНН/-ыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж шийдвэрлэлээ.
“Бие Даагчдын Нэгдсэн нам”-аас улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичигтэй /материалтай/ танилцахад Улс төрийн намын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3., 10.1.5., 10.1.6-д заасан намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах дараах үндэслэл тогтоогдлоо.
Улсын төрийн намын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т “намыг үүсгэн байгуулах хурлын бэлтгэлийг урьдчилан хангах ба зохион байгуулж явуулах газар, хугацааг 2 сарын өмнө төлөөлөгчид мэдэгдсэн байна” гэжээ.
Намын дарга Б.Дугарсүрэн 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдөр болох “Бие Даагчдын Нэгдсэн нам”-ыг зохион байгуулах Анхдугаар их хуралд гишүүдийг хүрэлцэх ирэхийг урьсан 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн "Мэдэгдэл" гэх хуудсандаа "Эрхэм хүндэт ...таныг 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 16.00 цагт Бие даагчдын нэгдсэн намыг зохион байгуулах Анхдугаар их хуралд хүрэлцэн ирэхийг урьж байна" гэжээ. Тус Мэдэгдлээс үзвэл Намын анхдугаар хурлыг хаана зохион байгуулах гэж байгаа нь тодорхойгүй, мэдэгдлийг хүлээн авсан хурлын төлөөлөгчийн гарын үсэг зурагдаагүй, хэдэн төлөөлөгчид мэдэгдсэн нь тодорхойгүй, хурлын хөтөлбөргүй зэргээс үзэхэд Намыг үүсгэн байгуулах хурлын урьдчилсан бэлтгэл хангагдаагүй гэж дүгнэхээр байна.
Хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.-т "Намыг үүсгэн байгуулах хуралд орон нутгаас төлөөлөх төлөөлөгчдийг оролцуулан зохион байгуулна" гэжээ.
Шүүхэд ирүүлсэн Анхдугаар их хурлын тэмдэглэлээс үзвэл "тус хуралд намын нийт гишүүдийг төлөөлөн 38 хүн хүрэлцэн ирж, хуралдаж байгаагаас 26 нь Улаанбаатар хотоос, бусад нь аймгийн төлөөлөгчид байна. Үүнд: Хөвсгөл аймаг Сэлэнгэ аймаг Н.Тайванбаатар, Дархан-Уул аймаг Н.Дарханбаатар, Хэнтий аймаг М.Чанцалмаа, Өвөрхангай аймаг Д.Алтанцэцэг, Сүхбаатар аймгаас Н.Наранцогт нар төлөөлөн оролцож байна" гэсэн боловч тухайн төлөөлөгчдийг орон нутгаас ирсэн болохыг нотолсон баримтгүй/иргэний үнэмлэх гм/ бөгөөд тэдгээр нь хуралд оролцсон болох нь нотлогдохгүй байна. Түүнчлэн Анхдугаар их хуралд хаанаас хэдэн төлөөлөгчийг урьсан, хэн хэн ирсэн талаар төлөөлөгчдийг бүртгэсэн бүртгэлгүй байгаа нь Улс төрийн намын тухай хуулийн дээрх заалт хэрэгжээгүй гэж үзнэ.
Улс төрийн намын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5.-д зааснаар "Бие Даагчдын Нэгдсэн нам" гэсэн намын нэр нь энэ хуулийн 6 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.-т зааснаар "хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй" гэж, Улс төрийн намын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.-т "Намын бүтэн болон товчилсон нэр нь байгууллага, аж ахуйн нэгж, болон бусад намын нэртэй адил байхыг, түүнчлэн намыг хүний нэрээр нэрлэхийг хориглоно" гэж тус тус заажээ.
Тус намын нэр нь хэдийгээр өнгөц харахад аль нэг намын нэртэй давхцаагүй, хувь хүний нэрээр нэрлэгдээгүй мэт харагдаж байгаа боловч улс төрийн үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлэх гэж байгаа намын нэр Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.-т заасан "...иргэн ...Улсын Их Хурлын гишүүнд нэрээ бие даан дэвшүүлэх эрхтэй" гэсэн агуулгатай давхацсан, Улсын Их Хурлын гишүүнд нэрээ бие даан дэвшүүлсэн иргэдийн нам мэт ойлгогдож иргэдийг төөрөгдүүлэхээр, Улсын Их Хурлын гишүүнд нэрээ бие даан дэвшүүлж байгаа нэр дэвшигчийн нэрээр нэрлэгдсэн мэт, нэр дэвшигчийн эрхийг зөрчсөн гэж үзэхээр байгаа нь Улс төрийн намын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5.-д заагдсан намыг бүртгэхээс татгалзах үндэслэл болж байна.
Улс төрийн намын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3.-т “гишүүдийн тоо энэ хуулийн 9.3.7.-д заасан тоонд хүрээгүй буюу бүртгэлд орсон гишүүн нь өөр намын харьяалалтай, эсхүл өөр хүн төлөөлсөн” бол намыг бүртгэхээс татгалзахаар заасан.
Улс төрийн намын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.7.-д Намыг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ “намын 801-ээс доошгүй гишүүний бүртгэл /овог, эцгийн болон өөрийн нэр, иргэний үнэмлэх болон регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, гарын үсэг/”-ийг бүрдүүлэхээр хуульчилжээ.
““Бие Даагчдын Нэгдсэн нам” нь нийт 850 гишүүн тус намд элссэн тухай бүртгэлийн баримтыг Улсын Дээд шүүхэд ирүүлжээ.
Дээрх баримтаас илэрсэн зөрчлийг тодруулбал
Анкетын бүртгэлээс давхардсан тоогоор 286 зөрчил илэрсэн ба нийт 850 хүн бүртгүүлснээс давхардаагүй тоогоор 263 хүний хаяг тодорхойгүй байгаа нь гишүүнээр элсэх шаардлага хангасан 587 хүний бүртгэл байна гэж үзэхээр байна.
Дээрх байдал нь Улс төрийн намын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.7.-д заасан 801-ээс доошгүй гишүүний бүртгэлтэй байх шаардлагыг хангахгүй байх ба энэ нь хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3.-т заасан намыг бүртгэхээс татгалзах үндэслэл болно.
Нэгэнт гишүүдийн тоо 801-д хүрээгүй, Намыг зохион байгуулах Их Хурал хуульд заасан шаардлагыг хангаагүй байх тул Намыг үүсгэн байгуулах хурал хүчин төгөлдөр болсон гэж үзэх боломжгүй, түүнчлэн тус хурлаар баталсан намын дүрэм, мөрийн хөтөлбөр, бусад шийдвэр хүчин төгөлдөр бус байна.
Иймд Улс төрийн намын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1.д зааснаар намын дүрэм, мөрийн хөтөлбөрийг Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд харшилсан эсэх талаар дүгнэх шаардлагагүй болно.
Дээр дурдсан үндэслэлээр “Бие Даагчдын нэгдсэн нам”-ыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж шийдвэрлэв.
Энэхүү тогтоол тухайн намыг улсын бүртгэлд бүртгүүлэхээр хандахад саад болохгүйг дурдах нь зүйтэй.
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар 7.1.6, Улс төрийн намын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Улс төрийн намын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3., 10.1.5, 10.1.6-д зааснаар “Бие Даагчдын Нэгдсэн нам”-ыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.АЛТАНЧИМЭГ
Х.ЭРДЭНЭСУВД