Хадгалсан

Эхлэл

Номын сан

Хэрэглэгч

Меню

Ард түмний олонхийн засаглал намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай


МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН
ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

 

2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр                                          Дугаар 01                                                                       Улаанбаатар хот 

           

        Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар Ард түмний олонхийн засаглал намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

        Хуралдаанд: Ард түмний олонхийн засаглал намыг /АТОЗН/ төлөөлж намын дарга  Ц.Нарангэрэл, ерөнхий нарийн бичгийн дарга А.Батдорж, гишүүн А.Дугармаа, Д.Нямтүшиг, Ч.Цацрал, Ш.Жавзандулам, Ц.Мөнхжаргал, нарийн бичгийн даргад Э.Боролдой нар оролцов.   

         Ард түмний олонхийн засаглал намын дарга Ц.Нарангэрэл Улсын Дээд шүүхэд 2018-11-28-ны өдөр гаргасан хүсэлтдээ: “...Улсын Дээд шүүхийн 2018 оны 22 дугаар тогтоолд Ард түмний олонхийн засаглал намыг улсын бүртгэлд бүртгэх хуульд заасан бүрдүүлбэрийг хангаагүй гэсний шаардлагыг хангаж намыг бүртгүүлэх материалд нэмж бүрдүүлэлт хийж, бүртгүүлэхээр Улсын Дээд шүүхэд эрхийнхээ дагуу дахин хандаж байна. Шүүхийн тогтоолд: Улс төрийн намын тухай хуульд зааснаар намыг Улсын бүртгэлд бүртгүүлэхэд намын 801-с доошгүй нэрсийн бүртгэлийг бүртгэлийн байгууллагад гаргах ба энэ шаардлага хангагдаагүй байна гэсний дагуу 847 гишүүнээс 11 иргэний регистрийн дугаар алдаатай, буруу бичигдсэн, 48 иргэний дүүрэг, гэрийн хаяг дутуу бичигдсэн, нэг иргэний гарын үсэг зурагдаагүй байсан зөрчилтэй байна гэж тогтоогдсон иргэдээс доорх хүмүүсийн зөрчлийг арилгав.

         Үүнд: регистрийн дугаар алдаатай бичигдсэн Ванган Хүрэлбаатар, Баасанбат Энхжаргал, Эрдэнэдалай Учрал нарын иргэдийн регистрийн дугаар тодорхой байсныг алдаанд тооцсон байна. Бүртгэлд: Галсанбат Бүүвэйбаатарын гарын үсгийг зурууллаа. Хаягийн алдаатай: Мөнхбат Норовхүү, Галбадрах, Энхболд нарын хаяг тодорхой байсан бөгөөд сумын багт хаалганы дугаар байдаггүй юм байна. Баттүшиг Батмөнх, Дашдэлэг Нямтүшиг, Дашдэлэгийн Энхтүшиг, Баяндорж Гантуяа, Дашдэлэг Мөнхтүшиг, Алтанцэцэг Баттулга, Дорлигжав Самъяар, Даваадорж Ганбат, Зоригт Алтантуяа, Сэтэвдорж Даваадорж, Ванчинхорлоо Долгорсүрэн, Баасандорж Ууганцэцэг, Цэрэнбат Энх-Амгалан, Өсөхбаяр Өнөржаргал нарын 20 хүний хороо, дүүрэг, хаягийн дутуу бичигдсэнийг бүртгэлд нөхөж бичлээ. Шинээр 65 хүний бүртгэлийг нэмж бүртгүүлэхээр материалд хавсаргав.

         Шүүхийн тогтоолд: Ард түмний олонхийн засаглал нам /АТОЗН/-ыг их хурлаар үүсгэн байгуулагдсан нь тодорхойгүй гэсэн байна. Нийт Ард түмний олонхийн засаглал намыг үүсгэн байгуулах хурлын бэлтгэл ажлыг намыг үүсгэн санаачлагч Ц.Нарангэрэл, А.Батдорж, П.Даваасамбуу нар нь үүсгэн байгуулах хурлын протокол дээрээ намыг үүсгэн байгуулагч нар бэлтгэл ажлыг хангах 2 сая төгрөгийн санхүүжилт хийх тухай шийдвэр гаргаж, мэдээллийн хэрэгслээр зар мэдээллийг түгээх, дүрэм, мөрийн хөтөлбөрийг боловсруулах, их хуралд оролцох төлөөлөгчдөдөө утас зэргээр нийслэл орон нутгийн иргэдтэй холбогдон, хурлын товыг өөрчлөх бол утас болон мессенжереер мэдэгдэж харилцахаар шийдвэр гаргасан нь тусгагдсан. Учир нь биднийг дэмжигч иргэдийн олонхи нь фейсбүүк, твиттерээр харилцаж, холбогддог юм. Үүний дагуу Их хурлын бэлтгэл ажлыг үүсгэн байгуулагчид удирдан оролцох төлөөлөгчдийн бүртгэл мэдээллийн ажлыг иргэн Ш.Жавзандулам, Ц.Мөнхжаргал, Д.Нямтүшиг нар хариуцан ажилласан бол тухайн хурлын хамгаалалт зохион байгуулалт, залны бэлтгэл, анонс, туг далбаа байрлуулах, төлөөлөгчдийн завсарлага, цайны цагийн ажлыг Ц.Эрдэнэгэрэл, Ц.Батбаатар нар хариуцан ажилласан болно. Жич: хурал хийгдсэн тухай нотлох баримт, хурал дээр авахуулсан төлөөлөгчдийн зураг, Их хуралд оролцсон зочин төлөөлөгчдийн урилга, Их хурлын төлөөлөгчдийн мандат, Их хуралд МҮЭСТөв ордны бага залыг түрээсэлсэн гэрээ, төлбөр төлсөн баримтуудыг нэмж хавсаргалаа. Их хурлыг хуралдуулж хурал дээр АТОЗНамыг үүсгэн байгуулж зарласан тухай тогтоол шийдвэрүүд бүгд байгаа болон олон хүмүүс гэрчилж оролцсон гарын үсэг зурсан нотлох баримтуудыг үгүйсгэж хуурамч материал мэт үзэж бичсэн нь харамсалтай байна.

         Шүүхийн тогтоолд: Их хурлын зарыг 2018-05-15-ны өдөр өгсөн Өдрийн шуудан сонинд нийтлүүлсэн гэх боловч уг зард “2018-08-08-нд Улаанбаатар хотод “Авилгатай Тэмцэх Онц Зөвлөлийн нам”-ыг үүсгэн байгуулах “Их хурал” хуралдах болсон тул “Нийслэл, хот аймаг, сумдаас оролцох нам бус иргэд бүртгүүлж, өргөнөөр оролцохыг урьж байна” гэсэн зарлалыг “Ард түмний олонхийн засаглал нам /АТОЗН/-ын үүсгэн байгуулах 2018-08-26-ны өдрийн хурлынх гэж үзэхгүй гэжээ. Хариулт: Үүсгэн байгуулагчдын хурлын протоколд ямар учраас Авилгатай тэмцэх Онц зөвлөлийн нам байгуулна гэж бичсэн тухай тайлбар бий. Нам үүсгэн байгуулах 2018-08-26-ны АТОЗН-ын Анхдугаар Их хурлын тэмдэглэл дээр төлөөлөгчдөд өмнө нь нэрээ судалж байгаад олонхийн саналаар Ард түмний олонхийн засаглал нам гэж нэрлэхээр шийдвэрлэсэн тухай тайлбар 5-р хуудсанд бий. Ард түмний олонхийн засаглал нам гэсэн нэрийг 2018-05-24-ний өдөр баталгаажуулан авч, улмаар 5 дугаар сарын 26-ны өдөр “Ард түмний олонхийн засаглал намыг АТОЗ-ын нам бусчууд байгуулахаар шийдвэрлэлээ” гэсэн пост, АТОЗНамын Их хурал 2018-08-09-ний өдөр Улаанбаатар хотод МҮЭСТөв ордонд хуралдана. Нийслэл, аймаг, сум, дүүргийн нам бус чөлөөт иргэд оролцохыг урьж байна. Утас-р бүртгүүлээрэй гэсэн зарлалыг фейсбүүкээр мэдээлсэн. Нам байгуулахтай холбоотой маргаан, тасралтгүйгээр нийтлэгдэж, олон пост цацагдаж, иргэд утас, сошиалаар, холбогдож мэдээлэл хангалттай авч байсан. Өмнө нь мэдээлсэн Авилгатай тэмцэх Онц зөвлөлийн нам байгуулна гэсэн зар нь бидний ТББ-н нэрээр мөн одоогийн АТОЗНамын дарга, ЕНБДарга нарын утасны дугаар тавигдсан байгаа нь яг бидний зарыг биш гэж үзэх бүрэн үндэслэл биш. Хуульд нам байгуулах тухай зарлан мэдээлнэ гэснээс намын нэр нь хөдөлшгүй, өөрчлөгдөж болохгүй гэсэн заалт байхгүй байна. Тэгээд ч “Өдрийн сонин”-ы энэ зар нь 36 000 хувь хэвлэгддэг нь сошиал зараас хэдэн зуу дахин цөөн хүнд хүрдэг. Иймээс фейсбүүк зар нь олон түмэнд хангалттай хүрсэн гэж үзэж байна. Мөн тогтоолд хурлыг хаана, хэзээ хуралдахыг товлосон тухай баримт байхгүй байна гэжээ, гэтэл Улс төрийн намын тухай хуулийн 8.2-д “Намыг үүсгэн байгуулах хурлын бэлтгэлийг урьдчилан хангах ба зохион байгуулах газрыг, 2 сарын өмнө төлөөлөгчдөд мэдэгдсэн байна” гэжээ. Тэгэхээр 2018-08-09-ний өдөр хуралдана гэж зар өгсөн боловч Ард түмний олонхийн засаглал намыг үүсгэн байгуулах Их хурлыг 26-нд хуралдуулсан нь, зарласан өдрөө заавал хуралдана гэсэн хуулийн зохицуулалт байхгүй байна. Иймээс санхүүжилтийн улмаас хэд хоног хойшилж хуралдсан Их хурлыг хуралдаагүй гэж үзэх үндэслэл биш юм.

         Шүүхийн тогтоолд: Хурлын төлөөлөгчдийг сонгосон тэдгээрт мэдэгдсэн талаарх баримт байхгүй байна гэжээ. Бидэнтэй зар мэдээллийн дагуу иргэд холбогдож, бидэнтэй эвлэлдэн нэгдэх, Их хуралд оролцох иргэд төлөөлөгч болох асуудлаа өөрсдөө сонгож бүртгүүлсэн болно. Шинээр үүсгэн байгуулагдаж байгаа улс төрийн намын хувьд намын анхан шатны байгууллага, нэгжээ байгуулаагүй байхад ямар нэг хурал хуралдуулж төлөөлөгч сонгох боломжгүй юм. Нам байгуулах тухай мэдээлэл хангалттай 2 сар гаран мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Шүүхийн энэ процессын ажиллагаанд тавьсан тодорхой биш шаардлага нь асуудлыг бодит хүрээнд нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэх, шүүгчийг итгэл үнэмшлээрээ хандах зарчмуудтай зөрчилдөж байна. Жишээлбэл: 2 сарын өмнө Их хурал хуралдах зарыг мэдээгүй хүн Их хуралд төлөөлөгчөөр оролцож болохгүй гэсэн утгыг агуулж байх тул НҮБ болон Олон улсын хүний эрхийн конвенц, Монгол Улсын Үндсэн хуульд харшилдсан алдаатай шаардлага гэж үзэхээр байна. Сошиал мэдээлэл дэлхийн 100 гаруй оронд суугаа Монгол иргэдэд хүрдэг төдийгүй, Монгол улсын нийт мэдээллийн 40 гаруй хувийг түгээдэг том мэдээллийн хэрэгсэл юм. Бид Улс төрийн намын тухай хууль болон Хуулийн этгээдийн бүртгэлийн хуулиар материалаа бүрэн бүрдүүлсэн гэж үзэж байна.” гэжээ.

ХЯНАВАЛ:

         Ард түмний олонхийн засаглал намын дарга Ц.Нарангэрэл Ард түмний олонхийн засаглал намыг 2018-08-26-ны өдөр үүсгэн байгуулсан гэсэн үндэслэлээр улсын бүртгэлд бүртгүүлэхээр Улсын Дээд шүүхэд 2018-11-28-ны өдөр хандсан байна.

         Хүсэлтэд, Улсын Дээд шүүхэд гаргасан өргөдөл /хх 1/, хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтын хуудас /хх 2/, нам байгуулах Их хурлын “Өдрийн сонин”-д нийтлүүлсэн зарлал /хх 3/, намын бэлгэдэл /хх 4/, намын далбаа туг /хх 5/, намын оноосон нэрийг баталгаажуулсан баримт /хх 6/, Анхдугаар Их хурлын тэмдэглэл /хх 7-21/, намын дүрэм /хх 22-41/, намын мөрийн хөтөлбөр /хх 42-45/, Анхдугаар Их хурлын тэргүүлэгчдийн 2018-08-26-ны өдрийн 001 дүгээр тогтоол /хх 46/, Анхдугаар Их хурлын тэргүүлэгчдийн 2018-08-26-ны өдрийн 002 дугаар тогтоол /хх 47/, намын Бага хурлын гишүүдийн нэрс /хх 48/, Анхдугаар Их хурлын тэргүүлэгчдийн 2018-08-26-ны өдрийн 003 дугаар тогтоол /хх 49/, Анхдугаар Их хурлын тэргүүлэгчдийн 2018-08-26-ны өдрийн 004 дүгээр тогтоол /хх 50/, намыг үүсгэн байгуулах Анхдугаар Их хурлын 001 дүгээр шийдвэр /хх 51/, намын даргын анкет /хх 52-55/, намын Ерөнхий нарийн бичгийн даргын анкет /хх 56-59/, хөрөнгийн жагсаалт /хх 60/, санхүү хариуцсан нягтлан бодох ажилтны анкет /хх 61/, санхүү хариуцсан менежерийн анкет /хх 62/, түрээсийн гэрээ /хх 63-65/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 66/, намын гишүүдийн нэрсийн жагсаалт /хх-67-124/, Монгол Улсын Дээд шүүхийн 2018-10-01-ний өдрийн 3/3431 дүгээр албан тоот /хх 125-126/, намыг бүртгүүлэх өргөдлийг буцаасан албан бичгийн хариу /хх 127-128/, Улс төрийн намыг шинээр үүсгэн байгуулагчдын хурлын протокол /хх 129-130/, намын даргын хувийн мэдээлэл /хх 131-133/, нам үүсгэн байгуулагчдын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ /хх134-135/, ажлын байрны зориулалтаар өрөө түрээслэх гэрээ /хх136-138/, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 139/, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хх 140/, намын Оффшор авилгын эсрэг ард түмний тэмцэл фэйсбүүк группийн зурагт хуудас /хх 141/, намын Их хуралд оролцох төлөөлөгчдийн мандатын бүртгэл /хх 142-150/, намын мөрийн хөтөлбөр /хх 151/, Монгол Улсын Дээд шүүхийн шүүх хуралдааны 2018-11-12-ны өдрийн 22 дугаар тогтоол /хх 152-154/, УДШ-ийн 22 дугаар тогтоолын хариу /хх 155-157/, Оффшор авилгын эсрэг ард түмний тэмцэл фэйсбүүк группийн зурагт хуудас /хх 158/, фото зураг /хх 159/, МҮЭ-ийн Соёлын төв ордонд зохиогдох тоглолт, арга хэмжээ, бусад ажил үйлчилгээний гэрээ /хх 160-161/, төлбөрийн баримт /хх 162/, намын Анхдугаар Их хурлын урилга /хх 163/, Их хурлын төлөөлөгчдийн мандат /хх 164/, төлбөрийн баримт /хх 165/, зарлагын баримт /хх 166-167/, Өдрийн сонинд нам байгуулах тухай зарлуулсан төлбөрийн баримт /хх 168/, намын гишүүдийн бүртгэл /хх169-173/ гэх баримтуудыг хавсаргажээ.     

         Ард түмний олонхийн засаглал намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтэд хавсаргасан баримтуудад Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйл, Улс төрийн намын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан мэдээллүүд тусгагдсан гэж бүрэлдэхүүн үзэв. 

         Ард түмний олонхийн засаглал намын дүрэм, мөрийн хөтөлбөр Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд харшилсан агуулгагүй байх бөгөөд намын үйл ажиллагааны зарчим,зорилго,үзэл баримтлал нь Улс төрийн намын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийг зөрчөөгүй байна.

        “Ард түмний олонхийн засаглал нам” гэсэн бүтэн нэрээр, “АТОЗН” гэсэн товчилсон нэрээр намыг улсын бүртгэлд бүртгэхэд “нам оноосон нэртэй байх”, “намын бүтэн болон товчилсон нэр нь байгууллага, аж ахуйн нэгж болон бусад намын нэртэй адил байх түүнчлэн намыг хүний нэрээр нэрлэхийг хориглоно” гэсэн Улс төрийн намын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан шаардлага зөрчигдсөн гэх нөхцөл байдал хүсэлт гаргагчаас ирүүлсэн баримтад байхгүй байна.   

        Дээр дурдсан үндэслэлээр Ард түмний олонхийн засаглал нам /АТОЗН/-г улсын бүртгэлд бүртгэх нь зүйтэй гэж дүгнэв.

          Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6, Улс төрийн намын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4,9.6-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

       1.Ард түмний олонхийн засаглал нам /АТОЗН/-г улсын бүртгэлд бүртгэж, улсын бүртгэлийн гэрчилгээ олгосугай.

        2.Улсын бүртгэлд бүртгүүлснээр Ард түмний олонхийн засаглал нам үйл ажиллагаагаа Монгол Улсын нутаг дэвсгэрт явуулах эрхтэй болохыг дурдсугай.

        3.Ард түмний олонхийн засаглал намыг улсын бүртгэлд бүртгэсэн болохыг болохыг нийтэд мэдээлсүгэй.

        4.Монгол Улсын Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль болон бусад хуулийг дээдлэн сахиж ажиллахыг Ард түмний олонхийн засаглал намд даалгасугай.

         5.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр төлсөн 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

            

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Ц.АМАРСАЙХАН

 

                               ШҮҮГЧ                                                    Х.ЭРДЭНЭСУВД

 

                               ШҮҮГЧ                                                    Б.УНДРАХ