Хадгалсан

Эхлэл

Номын сан

Хэрэглэгч

Меню

Монгол шинэчлэлт намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай


МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН
ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

 

2019 оны 6 дүгээр сарын 26-ны өдөр                                      Дугаар- 17                                        Улаанбаатар хот 

            Монгол Улсын Дээд шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар Монгол шинэчлэлт намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг 2019 оны 6 дугаар сарын 10-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Намын дарга Н.Жамсран, намын дэд дарга Г.Ганбат, намын ерөнхий нарийн бичгийн дарга М.Батхүү, тэргүүлэгч Б.Нандин-Эрдэнэ, Д.Рэнцэндорж, хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Уранзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

       Монгол шинэчлэлт нам шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Монгол улсын иргэд бид эвлэлдэн нэгдэх эрхийнхээ дагуу 2018 оны 10 дугаар сарын 19-ны өдөр намыг үүсгэн байгуулах анхдугаар, 2019 оны 6 дугаар сарын 8-ний өдөр Хоёрдугаар их хурлаа хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулж, тус намыг Монгол Шинэчлэлт нэртэйгээр үүсгэн байгуулсан.

       Тус нам Монгол улсын тусгаар тогтнол, эрх чөлөө шударга ёс, эв нэгдэл үндэсний язгуур эрх ашгийг эрхэмлэн дээдэлсэн, Монгол хүнээ үнэт зүйлээ болгосон либерал ардчилсан үзэл баримтлал бүхий нийгмийн эрх ашгийн төлөө эвлэлдэн нэгдсэн улс төрийн нам юм. Бид Үндсэн хууль болон бусад хууль дүрмийг хүндэтгэн биелүүлж хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулах болно. Иймд Монгол Шинэчлэлт намыг улсын бүртгэлд бүртгэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

            Монгол Шинэчлэлт намын дарга Н.Жамсран Улсын Дээд шүүхэд хандаж, тус намыг улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлт гаргажээ.  

    

         Хүсэлтэд, Улсын Дээд шүүхэд гаргасан өргөдөл, хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтын хуудас, нам үүсгэн байгуулагчдын анхдугаар болон хоёрдугаар Их хурлын бэлтгэл ажлын төлөвлөгөө, хурлын тэмдэглэл, намын бэлгэдэл, намын далбаа туг, намын дүрэм, намын мөрийн хөтөлбөр Анхдугаар болон хоёрдугаар Их хурлын тогтоолууд, мөн хурлуудын Тэргүүлэгчдийн хуралдааны шийдвэр, намын даргын болон санхүүгийн асуудал хариуцсан менежерийн мэдээлэл, Н.Жамсрангийн нэр дээр бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, намын гишүүдийн нэрсийн жагсаалт намын эд хөрөнгийн жагсаалт, намын Хоёрдугаар Их хурлын урилга, Мандатын Комиссын илтгэл, фото зураг, Улсын Дээд шүүхийн шүүх хуралдааны 2018-11-12-ны өдрийн 21, 2019-1-30-ний өдрийн 07 дугаар тогтоолууд, хуралдааны тэмдэглэл зэргийг хавсаргажээ.   

         Монгол Шинэчлэлт намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтэд хавсаргасан дээрх баримтуудад Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйл, Улс төрийн намын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан мэдээллүүд тусгагдсан гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. 

         Монгол Шинэчлэлт намын дүрэм, мөрийн хөтөлбөр Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд харшилсан агуулгагүй байх бөгөөд намын үйл ажиллагааны зарчим, зорилго, үзэл баримтлал нь Улс төрийн намын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийг зөрчөөгүй байна.

       Түүнчлэн “Монгол Шинэчлэлт нам” бүтэн нэрээр, “МШН” товчилсон нэрээр намыг улсын бүртгэлд бүртгэхэд “нам оноосон нэртэй байх”, “намын бүтэн болон товчилсон нэр нь байгууллага, аж ахуйн нэгж болон бусад намын нэртэй адил байх түүнчлэн намыг хүний нэрээр нэрлэхийг хориглоно” гэсэн Улс төрийн намын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан шаардлага зөрчигдсөн гэх нөхцөл байдал хүсэлт гаргагчаас ирүүлсэн баримтад байхгүй байна.  

        Дээрх үндэслэлээр Монгол Шинэчлэлт намыг улсын бүртгэлд бүртгэх нь зүйтэй гэж дүгнэв.

          Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6, Улс төрийн намын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, 9.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

       1. Монгол Шинэчлэлт нам /МШН/-г улсын бүртгэлд бүртгэж, улсын бүртгэлийн гэрчилгээ олгосугай.

      2.Улсын бүртгэлд бүртгүүлснээр Монгол Шинэчлэлт нам үйл ажиллагаагаа Монгол Улсын нутаг дэвсгэрт явуулах эрхтэй болохыг дурдаж, тус намыг улсын бүртгэлд бүртгэсэн болохыг нийтэд мэдээлсүгэй.

        3.Монгол Улсын Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль болон бусад хуулийг дээдлэн сахиж ажиллахыг Монгол Шинэчлэлт намд даалгасугай.

         4.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Х.ЭРДЭНЭСУВД

 

               ШҮҮГЧ                                                                  Д.ЦОЛМОН

 

                                                                                              Г.ЦАГААНЦООЖ