Хадгалсан

Эхлэл

Номын сан

Хэрэглэгч

Меню

Меню

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2024.04.10-ны өдрийн №2024/ХШТ/51 тогтоол

Шүүхийн шийдвэрийн тойм: №47 /ЭХТ-16/, 2024.04.22

Төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэхүү тойм нь олон нийтийг мэдээллээр хангах зорилготой бөгөөд шүүхийн шийдвэрийг орлохгүй болно.

 

Иргэн Д.Ц нь Коронавируст халдварын шинжилгээ өгөхөөр “Т” эмнэлгийн шинжилгээний түр цэгээр үйлчлүүлж байхдаа шатны гарцыг хулдаасаар битүүлсэн байдлыг анзааралгүй, “хана” гэж андууран түшсэний улмаас шатны уруу унан тархиндаа хүнд гэмтэл авч, нас баржээ. Энэ хэрэг явдал нь эмнэлгийн дарга С.Е, Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтан Д.Б нарын хууль тогтоомжид заасан аюулгүй байдлыг хангах үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй гэм буруугаас  болсон хэмээн анхан болон давж заалдах шатны шүүхээс дүгнэж, тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна.

Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд “Т” эмнэлгийн хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтан Д.Б-г хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэм буруутай гэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэв.

Учир нь, Шуурхай штабын шийдвэрээр “Т” эмнэлэгт Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор шинжилгээний түр цэг байгуулахдаа зоорийн давхар руу ордог шатны гарцыг хулдаасаар хааж орхисон нь хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахуйц эрсдэлийг буй болгожээ.

Өөрөөр хэлбэл шатны уруу хүн унаж, гэмтэхээс хамгаалсан хаалт, хашилт хийхгүйгээр бүхэлд нь хулдаасаар битүүлснээс түүний цаана нь ямар эрсдэл  байгааг мэдэх боломжгүйгээр халхалж, энэ нь ажлын байран дахь үйлчилгээний хэсэгт аюултай нөхцөл байдлыг үүсгэсэн байна.   

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, холбогдох стандартын хүрээнд ажлын байранд аюулгүй байдлыг хангах үүргийг шууд хэрэгжүүлэх албан тушаалтан нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер Д.Б бөгөөд тэрбээр эрсдэлийг илрүүлэх, үнэлэх, арилгах талаар зохих арга хэмжээ аваагүй, хулдаасан хаалтыг налах, түшихийг хориглосон анхааруулга байршуулсан нь аюул, ослоос урьдчилан сэргийлэх бүрэн гүйцэд арга хэмжээ болж чадаагүй нь хохирогч амь насаа алдах шалтгаан болжээ.

Иймд шүүхээс хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтан Д.Б-г хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирсон гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Эмнэлгийн дарга С.Е-ийн хувьд энэ хэрэгт гэм буруугүй байна.

Ажил олгогчийн хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах үүрэг нь аж ахуйн нэгж, байгууллагын хэмжээнд хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлага, хяналтын тогтолцоог нэвтрүүлэх, шаардлагатай дүрэм, журам, төсөв, зардлыг батлах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн журмыг сахиулах үүрэг бүхий мэргэшсэн ажилтныг томилж, удирдан зохион байгуулах зэрэг юм.

Дээрх үүргийн хүрээнд хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтан томилоогүй, мэргэжлийн бус хүн ажиллуулсан, эсхүл энэ чиглэлийн ажилтныг ажил, үүргээ хэвийн явуулахад шаардлагатай нөхцөл, боломжоор хангаагүй зэргээр хайнга, хариуцлагагүй хандах нь ажил олгогчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.

Хэргийн баримтаар ажил олгогчид хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй гэж буруутгах нөхцөл байдал тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл, ажил олгогчийн зүгээс хуульд заасны дагуу “Т” эмнэлэгт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан инженерээр Д.Б-г томилсон ба тухайн ажилтан ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас хүний амь нас хохирсонд ажил олгогчийг буруутгах үндэслэлгүй тул эмнэлгийн дарга С.Е-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, цагаатгасан шийдвэр гаргалаа.

 

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://www.supremecourt.mn/mn/printc?id=42098

 

Тоймыг бэлтгэсэн: Улсын дээд шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн