Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 2023.07.04-ний өдрийн №001/ХТ2023/00145 тогтоол
Тоймын дугаар, огноо: №42 /ИХТ-13/, 2023.07.18
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Иргэн А өндөр насны тэтгэмж тогтоолгож байгаатай холбогдуулан олгох тэтгэмжид “Э” ТӨҮГ-аас 68,084,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ. Тэрбээр нэхэмжлэлийн үндэслэлдээ “...ажил олгогч ажлаас чөлөөлөх тушаал гаргахдаа 20 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42.1-д заасан “...дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно” гэж заасантай зөрчилдөж байна. Иймд 20 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх 68,084,000 төгрөгийн тэтгэмжийг гаргуулж өгнө үү...” гэсэн байна. Хариуцагч хариу тайлбартаа “...Хөдөлмөрийн тухай хуульд дээрх үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хэмжээний тэтгэмжийг олгохоор тусгасан хэдий ч нэг сарын тэтгэмж үү, эсхүл түүнээс дээш хугацаа гэдэгт ямар хугацаа хамаарах талаар нарийвчлан зохицуулаагүй, харин дээрх зохицуулалтыг үйлдвэрийн газрын хэмжээнд дагаж мөрдөх зохицуулалтыг Хамтын гэрээгээр зохицуулсан. “Э” ТӨҮГ-ын Захиргаа, Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны хооронд байгуулсан 2020-2021 онд хэрэгжүүлэх Хамтын гэрээний 8 дугаар бүлэг нь тэтгэвэр тогтоолгож буй ажилтанд олгох тэтгэмжийн хэмжээг зохицуулсан. Нэхэмжлэгч нь үйлдвэрийн газарт 31 жил 3 сар ажилласан, Хамтын гэрээний 8.11.5-д зааснаар 30 буюу түүнээс дээш жил ажилласан ажилтанд 20 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгохоор зохицуулсан тул нэхэмжлэл үндэслэлгүй...” гэж маргажээ.
Анхан шатны шүүх ...ажил олгогч нь ажилтанд олгох тэтгэмжийг үндсэн цалингийн хэмжээгээр тооцсон нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн, хэрэг шүүхэд хянагдах явцад ажил олгогчоос ажилтны 20 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний 55,562,600 төгрөгийн тэтгэмжийг ажилтны цалингийн дансанд шилжүүлсэн үндэслэлээр үндсэн цалин болон дундаж цалин хөлсний зөрүү 12,521,400 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.
Дээд шүүх дараах дүгнэлтийг хийж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Хамтын гэрээ гэж тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцөлөөр хангах болон энэ хуулиар шууд зохицуулаагүй асуудлаар ажил олгогч, ажилтны төлөөлөгчдийн хооронд байгуулсан тохиролцоог ойлгоно.
Хөдөлмөрийн тухай хууль (1999 он)-д өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн ажилтанд доод тал нь нэг сарын хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгохыг заасан бөгөөд тэтгэмжийн дээд хэмжээ нь тодорхойгүй байна.
“Э” ТӨҮГ-ын Хамтын гэрээнд тухайн ажилтан өндөр насны тэтгэвэр тогтоолгох үед үйлдвэрт ажилласан жилээс нь хамаарч тодорхой хэмжээний тэтгэмж олгохоор тусгасан нь хуулиар зохицуулаагүй асуудлаар үйлдвэрийн хэмжээнд дагаж мөрдөхөөр тусгайлан зохицуулжээ.
Хамтын гэрээний дээрх зохицуулалт ажилтны эрх, ашиг сонирхлыг Хөдөлмөрийн тухай хуульд зааснаас дордуулаагүй, хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцөлөөр хангаж, тодорхой болгосон байна.
Тухайлбал, Хөдөлмөрийн тухай хуульд тэтгэмжийн дээд хэмжээг тогтоогоогүй бол Хамтын гэрээнд “...30 буюу түүнээс дээш жил ажилласан бол 20 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно” гэсэн байх ба нэхэмжлэгч нь үйлдвэрт 31 жил 3 сар ажилласан тул ажил олгогч түүнд 20 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор байна.
Иймд ажил олгогч Хамтын гэрээнд заасан журмыг баримтлан ажилтанд 20 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хууль (1999 он)-д заасан нэг сарын дундаж цалин хөлснөөс илүү хэмжээгээр тогтоосон бөгөөд ажилтны эрх, ашиг сонирхлыг хуульд зааснаас дордуулсан, Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй тул 20 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://supremecourt.mn/printc?id=39427
Тоймыг бэлтгэсэн: Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд