Ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн мэндэлсний 90 насны ойг тохиолдуулан зохион байгуулж буй “Үндсэн хуулийн эхийг баригч-Б.Чимид” олон улсын эрдэм шинжилгээний хуралд Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг мэндчилгээ дэвшүүлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Эрхэм хүндэт зочид оо,
Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулж буй Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн мэндэлсний 90 насны ойд зориулан “Ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимид” Олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцогчдод энэ өдрийн мэндийг дэвшүүлье.
Бяраагийн Чимид нь 1978-1982 онд БНМАУ-ын Шүүх яамны сайд, 1982-1986 онд Улсын дээд шүүхийн даргаар, 2003-2004 онд Монгол Улсын эрх зүйн шинэтгэлийн хүрээнд зохицуулагчаар тус тус ажиллаж байсан бөгөөд түүний ажил, амьдралын түүх нь Монгол Улсын шүүх засаглал, шүүхийн системийн түүхтэй нягт холбоотой юм.
Тэрээр Шүүх яамны сайд, Улсын дээд шүүхийн даргаар болон Монгол Улсын эрх зүйн шинэтгэлийн хүрээнд зохицуулагчаар ажиллах хугацаандаа Шүүхийн системийн ардчилал (1978), Үндсэн хуулийн үзэл баримтлал: Хүний эрх, шүүх эрх мэдэл (2004), Захиргааны хэргийн шүүхийн тухай мэдэгдэхүүн (2004), Захиргааны хэргийн шүүх: Монгол дахь шинэтгэл, дэлхийн улсуудын жишиг (2004), Захиргааны хэргийн шүүх гарын авлага (2004) зэрэг хуульчид, оюутан, судлаач, практикийн ажилтанд зориулан хамтын бүтээл 9, нэг сэдэвт бүтээл 28, эрдэм шинжилгээний өгүүлэл 60 гаруйг бичсэн нь шүүхийн системд, тэр дундаа захиргааны шүүхийн үндсийг тавьж, төлөвшүүлэн хөгжүүлэхэд үнэлж баршгүй хувь нэмрийг оруулсан юм.
Б.Чимидийг Улсын дээд шүүхийн даргаар ажиллаж байх үед шүүхийн зохион байгуулалтын бүтэц нь тус шүүхийн эрх хэмжээ, үйл ажиллагааны төрөл онцлогт нарийн зохилдсон байв. Тухайлбал, Улсын дээд шүүхийн бүгд хурал, Улсын дээд шүүхийн тэргүүлэгчид, Эрүүгийн хэрэг эрхэлсэн коллеги, Иргэний хэрэг эрхэлсэн коллеги, Цэргийн коллеги гэсэн зохион байгуулалтын үндсэн бүтэцтэй байжээ.
Б.Чимид Улсын дээд шүүхийн даргаар ажилласан он жилүүдээ дурсан бичихдээ “Би ял шийтгэлийн бодлогод байраа зөв эзлэн хуулиа чанд барих, орон нутгийн шүүхийг “амьдралд” ойртуулах, шүүхийн ажлын зохион байгуулалтыг цэгцлэн, үр дүнг дээшлүүлэх, ажлынхаа материаллаг баазыг эрхбиш сайжруулах, боловсон хүчний мэргэжлийн бэлтгэл, нөөцийг нэмэгдүүлэх, практик судлалыг чанаржуулах гээд шинэ сэргэг юм хийх гэж их эрмэлзсэн” гэсэн байдаг.
Түүний ажиллаж байсан жилүүдэд Улсын дээд шүүхийн гурван коллеги нь шүүн таслах ажлыг эрхэлж, анхан шатны шүүхийн болон шүүхийн хяналтын үйл ажиллагааг хэрэгжүүлдэг, Улсын дээд шүүхийн Бүгд хурал нь шүүхийн дээд хяналтаас гадна шүүхийн практикийг үндэслэн нийт шүүхүүдийн баримтлах удирдамж, хуулийн албан ёсны тайлбар гаргаж байсан бөгөөд энэхүү ажлыг бид түүчээлэн ажиллаж байна.
Доктор, профессор Б.Чимид нь хууль зүйн шинжлэх ухааны эрдэм судлалын түүхэнд жинтэй хувь нэмэр оруулсан эрдэмтэн багш төдийгүй Монгол Улсын хууль тогтоох, гүйцэтгэх болон шүүх эрх мэдлийн удирдах дээд байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан төрийн нэрт зүтгэлтэн байсан гэдгийг дурсан санахад таатай байна.
Эрхэм хүмүүн, эрдэмт багшийг дурсан санаж, түүний үйл хэргийг үргэлжлүүлэн судлах, хойч үедээ таниулах, энэхүү арга хэмжээг зохион байгуулж буй байгууллага, хамт олон, хамтран зүтгэгсэд, шавь нарт нь болон Чимид сангийн хамт олонд баяр хүргэж, хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье.